ТӨВ: Ажил мэргэжлийн уралдааныг зургаан төрлөөр зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-01 13:19:40

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотын үсчин, гоо засалч, хумс урлалын аварга шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдаан боллоо. Тус тэмцээнийг нийт 6 төрлөөр зохион байгуулж, 30 гаруй оролцогч өрсөлдлөө.


“Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жил, Зуунмод хотын 80 жилийн ойн ажлын хүрээнд тус сумын ЗДТГ, Үсчдийн холбооноос хамтран зохион байгуулав.


Тэмцээний шүүгчээр Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Ази, Европын хошой аварга Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай, Олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч Монгол Улсын мастер үсчин Г.Гансүлд, Дэлхийн үсчин, гоо засалчдын холбооны шүүгч, дасгалжуулагч, Монгол Улсын мастер гоо засалч О.Оюундарь нар ажиллажээ.


Энэхүү тэмцээн нь оролцогчдын ур чадвар тасралтгүй өсөх, шударга өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ, тус хотын иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэдэг болох давуу талуудтай гэдгийг албаныхан хэлж байлаа.


Эрэгтэй үсчний салон засалтын төрөлд тэргүүн байрт “Мичид” салоны үсчин С.Баяржаргал, дэд байрт “Гайхамшиг” салоны үсчин Б.Отгонжаргал, гутгаар байрт Политехникийн коллежийн үсчний ангийн оюутан А.Бямбаравдан, тусгай байрт Политехникийн коллежийн үсчний ангийн оюутан Г.Батбилэг, “Хатагтай” салоны үсчин Д.Дэлгэрмөрөн нар шалгарсан юм.


Эрэгтэй үсчний зураглалтай засалтын төрөлд тэргүүн байрт "Скай" салоны үсчин Б.Түвшинтулга, дэд байр "Төгс" салоны үсчин Ш.Даваасүрэн, гутгаар байр "888" салоны үсчин Н.Болор-Эрдэнэ нар тус тус тодорлоо.


Харин эмэгтэй үсчний салон засалтын төрөлд тэргүүн байрт "888" салоны үсчин М.Жаргалтогтох, дэд байрт “Төв” салоны үсчин Э.Бүрэнжаргал, гутгаар байрт “Төгс” салоны үсчин Ш.Даваацэрэн нар шалгарсан бол эмэгтэй чөлөөт сэтгэлгээний будагтай цогц бүтээлийн төрөлд тэргүүн байрт "888" салоны үсчин А.Болор-Эрдэнэ, дэд байрт үсчин Х.Нармандах, гутгаар байрт “Queen bee” салоны үсчин Б.Гүнбилэг нар тодорлоо.


Хумс засалчийн төрөлд тэргүүн байрт “Төв” салоны маникюрчин Э.Зүгчинноров, дэд байрт маникюрчин И.Цэнд-Аюуш, гутгаар байрт “Гайхамшиг” салоны маникюрчин У.Болормаа шалгарсан бол гоо сайханы төрөлд тэргүүн байрт Queen bee” салон Б.Гүнбилэг, дэд байрт “Гайхамшиг” салон Ц.Цогзолмаа, гутгаар байрт “S” салон Д.Мөнхсахъяа нар тус тодорсон байна.


Зуунмод хотын ажил мэргэжлийн уралдааныг 2021 онд Мэргэжлийн тогооч нарын дунд зохион байгуулж байсан юм. 

Related news