ӨМНӨГОВЬ: “Цайны зам-Торгоны зам"-ыг дагасан жингийн цуваа цогцолборыг бүтээн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-01 14:21:35

Өмнөговь/МОНЦАМЭОрон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд Ази, Европыг холбосон эртний дурсгалт "Цайны зам-Торгоны зам"-ын түүхэн мөрөөр Өмнөговь аймгийн Булган сумын  Баянзагт тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулахаар болжээ.


Монголын эртний томоохон түүх соёлын дурсгалын нэг 300 гаруй жилийн түүхтэй "Цайны зам-Торгоны зам" билээ. Тэмээн жингээр Хятадын Бээжингээс гарч Хөх хотыг дайран Хүрдэт агуйгаар үдлэн хоноглоод өнөөгийн Гашуун сухайт боомт орчмоор Монгол улсад нэвтэрч, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Булган сумын нутгаар дамжин Монголын эртний нийслэл Хархорин цаашлаад Ховд, Улиастайгаар дайрч Түркистан, Кашгар улс хүртэл аялдаг байсан түүхэн баримт байдаг.  

Өмнөговь аймгийн дээрх сумдад торгоны замын ул мөр өнөөг хүртэл маш тод үлдсэн. Баянзагийн баруун дэнж дээр ойролцоогоор 4 м өргөнтэй засаж янзалсан урт зам одоог хүртэл байдаг. Энэхүү түүхэн замаар хамгийн сүүлд 1925 оныг хүртэл хятад, монгол жинчид аялж байсан баримтыг Булган сумын Баянзагт шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийж байсан Америкийн байгалийн түүхийн нэрт судлаач Рой Чапмэн Эндрюс тэмдэглэн үлдээжээ.  

Говийн их цөлөөр дамнасан наймааны их аяныг тэдний эцэг өвгөд Марко Пологоос ч өмнө гаргасан хэмээн үздэг байна. Өмнөговь аймгийн ерөнхий төлөвлөгөөнд Булган сумыг аялал жуучлалын бүс нутаг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэхүү түүхэн ач холбогдол бүхий дурсгалт цогцолбор газрыг бүтээн байгуулснаар тухайн бүс нутагт аялал жуучлалын нэгэн томоохон түшиц газар бий болох юм. 

Related news