ӨМНӨГОВЬ: Номгон сумаас энэ онд Хүний гавьяат эмч хоёр дахиа төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-29 16:56:22

Өмнөговь/МОНЦАМЭ/  Номгон сум салбар бүрээс төрсөн 10 гаруй гавьяаттай. Харин энэ жилийн хувьд А.Насанбум эмч хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн бол залгуулаад Номгон сумын харьяат Содномын Буянцэцэг Монгол Улсын Хүний гавьяат эмч цол тэмдгээр шагнууллаа.

С.Буянцэцэг эмч 1976 онд Хүний их эмчээр төгсөж төрөлх сумынхаа хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн салбарт 46 жил хөдөлмөрлөсний 33 жилийг нь багийн төвийн эмчээр ажилласан юм. Цаг агаарын хүнд нөхцөл, өдөр, шөнө ялгалгүй дуудлага хүлээн авч, цаг хугацаа алдалгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн ажиллажээ.  

Тэрбээр 40 гаруй жилийн хугацаанд Номгон сумын 10 000 гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 300 гаруй хүүхдийг эх барьж авчээ. Мөн сумын хүн ам олонтой Богт, Төхөм багийн 1000 гаруй өрхийг хариуцан ажиллаж байсан бөгөөд тухайн өрхүүдэд 5 хүртэлх насны 80-90 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийг вакцинжуулах, үзлэг оношилгоог хийх, дуудлага түргэн тусламжийн үйлчилгээг хүргэхээр нэг багтаа улирал бүрд 700 гаруй км тойрон явж ажилладаг байсан нь эмч хүний тангарагтаа үнэнчээр хичээнгүйлэн ажилласныг харуулж байна.   

Шинэ гавьяатыг аймгийн Эрүүл мэндийн төвийн хамт олон хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.  

Related news