Үндсэн хуулийн цэцийн хоёр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэн, хоёр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, нэгийг нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийн тухайд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг ҮХЦ хянан хэлэлцсэн юм. Улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй..”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны хуралдаанд үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийн тухайд, Үндсэн хуулийн цэцээс УИХ-аас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна хэмээн үзжээ. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх цэцийн дээрх шийдвэрийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийн тухайд, Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “ ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын“хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна.
Уг дүгнэлттэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гишүүдийн олонх цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.
Н.Туяа