Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-29 10:46:44

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Ардын Их Хурлын ордонд даваа гарагт хэлэлцээ хийлээ.


Ши Жиньпин У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзах үеэрээ хоёр орны төрийн тэргүүн нар амласан ёсоороо хоёр сарын дараа дахин уулзсан нь Хятад, Монголын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг илэрхийлж байгааг онцолжээ.


Ши Жиньпин хэлсэн үгэндээ, харилцан бие биеийнхээ чухал хөрш орны хувьд сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хадгалах нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс найрсаг, үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмыг баримтлан хөрш орнуудтайгаа найрамдалт түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг тул Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцэл, нийтлэг ашиг сонирхлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэв.


“Хоёр орон “COVID-19” цар тахалтай тэмцэхэд бие биеэ дэмжиж, уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлсээр ирсэн. Мөн хоёр орны олон салбарын харилцаа солилцоо, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарч, улс хоорондын харилцааны үлгэр жишээг үзүүлж байна” гэж тэрбээр хэлжээ.


Олон улсын нөхцөл байдал улам бүр тогтворгүй хийгээд тодорхойгүй болж буй энэ үед Монгол Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусыг нь хүртээхэд Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ.


Хятад, Монгол харилцан бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, язгуур ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар бие биеэ дэмжинэ. Хоёр орон бүх түвшинд яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, засаглалын талаар туршлага солилцож, “Бүс ба Зам”-ыг “Хөгжлийн зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-той, Хятадын хоёр үе шаттай хөгжлийн стратеги болон Монголын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. Эдгээр гурван чиглэлийн хүчин чармайлт нь Хятад, Монголын харилцааг гүнзгийрүүлж, түүний өсөлтөд хүчтэй түлхэц өгнө гэж Ши Жиньпин хэлжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад улс Монгол Улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг гол салбаруудын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологи, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны эрх бүхий удирдах байгууллага нягт зөвлөлдөн, дэд бүтцийн шинэ холболтын сувгийг аль болох эрт нээх, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор болон Хятад-Оросын байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих төслийг идэвхтэй ахиулан ажиллах хэрэгтэй гэв.


Мөн Монголын “Тэрбум мод санаачилгыг Хятад улс сайшаан дэмжиж байгаа бөгөөд цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах асуудлыг Монголын талтай хэлэлцэхэд бэлэн байна. Хоёр тал хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн намууд болон орон нутгийн түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусыг хүртээхийн тулд шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарт болон залуучууд, иргэдийг харилцан аялуулах чиглэлээр улам нягт хамтран ажиллана. Хятад, Монголын найрамдлын шинэ бүтээн байгуулалт болох Монголын залуучуудын спортын төв болон бусад төслийг Хятад улс идэвхтэй дэмжинэ” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын хувьд Хятад, Монгол хоёр орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой байгааг Ши Жиньпин онцлоод, Хятад улс жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хамгаалж, эвсэл бүлэг хоорондын сөргөлдөөнийг эцэс болгох, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улстай уялдаа холбоотой хамтран ажиллана гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, ХКН-ын XX дугаар их хурал амжилттай болж, Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэв. ХКН-ын удирдлага дор Хятад улс анхны зуун жилийн зорилтоо амжилттай биелүүлж байгаад Монголын тал баяртай байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши болон ХКН нь орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулахад Хятадын ард түмнийг удирдан чиглүүлнэ гэдэгт манай улс итгэлтэй байна хэмээн тэрбээр тэмдэглэлээ.


У.Хүрэлсүх Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай баримталж буйг дахин нотлов. “Хятад улс түүхэндээ бусад улсад халдаж байгаагүй, харин бусад орныг хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ тусалж ирсэн энхийг эрхэмлэгч орон юм. Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн төлөөх Хятадын талын санаачилсан “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаа. Монголын тал стратегийг уялдуулж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, уур амьсгалын хариу арга хэмжээ, ногоон хөгжил болон цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулахад  Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлэв.


“Олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээтэй байгаа энэ үед хоёр тал Азийн үнэт зүйлсийг сурталчилж, Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа дэмжих нь чухал юм. Дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой байдал, хөгжлийг хөхиүлэн дэмжих, НҮБ-д суурилсан олон улсын харилцааны тогтолцоог дэмжих чиглэлд гаргаж буй Хятад улсын хүчин чармайлтыг Монгол Улс өндрөөр үнэлж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ.


Хоёр тал “Шинэ эринд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргаж, шинэчлэл хөгжлийг ахиулах, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан нийтлэг ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцжээ.


Энэхүү хэлэлцээний төгсгөлд хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль болон цөлжилтийг сааруулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.


Хэлэлцээний өмнө Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АИХ-ын хойд танхимд угтан авсан юм. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв.


Хэлэлцээний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нартай хүндэтгэлийн зоог барив.

Related news