Нийт нутгийн 40 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-28 10:47:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 40 орчим хувь нь зудын эрсдэлтэй (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 40 хувь нь дунд зэрэг, 19 хувь нь бага, 5 орчим хувь нь хамгийн бага гэжээ.


Зуд болох нэн их эрсдэлтэй сумын тоонд Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл (5 аймгийн 15 сум) байгаа юм.


Харин их эрсдэлтэй бүлэгт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундгов, Дорноговь аймгийн 110 сум багтжээ.


Энэ жил гандуу, гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан юм. Хур бороо элбэг байсан төвийн бүсээр зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо олширсон зэрэг нь зудын эрсдэлийг нэмж байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ. 




Related news