Коронавируст халдвараар 7 сараас 1 жилийн дараа давтан өвдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-25 11:41:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ.

 

Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол бүртгэгдсэн. Коронавируст халдварын тохиолдлын тоо ПСР шинжилгээгээр эерэг эзлэх хувь 5.9 хувиас нэмэгдэж 8.3 хувь болжээ. Мөн нас баралт нэг бүртгэгдсэн.

 

Омикроны дэд хэв шинж бүртгэгдсэнээс хойш хийсэн тандалт судалгаагаар тохиолдлын 67 хувь нь ажлын байран дээрээс, ажлын газрын хүнээсээ, 38 хувь нь гэр бүлийн хүнээсээ халдвар авсан байна. Тиймээс ажлын байран дээрээ халдвар авах тохиолдол их байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай” гэв.

 

Мөн олон нийтийн газраар үйлчлүүлсэн байдлыг авч үзвэл, тэдгээр хүмүүсийн 40 хувь нь дэлгүүр, 29 хувь нь эмнэлэг, 23 хувь нь эмийн сан, 20 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Тиймээс дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, нийтийн тээврээр халдвартай хүн явж байх магадлалтай тул олон нийтийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүхийг зөвлөлөө.

 

Сүүлд илэрсэн омикроны дэд хэв шинжийн 91.4 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн, 8.6 хувьд огт шинж тэмдэг илрээгүй байна. Илэрч буй шинж тэмдгийн 68 хувь нь хоолой хөндүүрлэх, 64 хувь нь хуурай ханиалгах, 58 хувь нь хамар битүүрэх, 53 хувь нь нус гоожих, 35 хувь нь халуурсан өгүүлэмжтэй байна. Тиймээс омикроны дэд хэв шинж амьсгалын дээд замын өвчлөлийг үүсгэж байгааг тэрбээр дурдав.

 

Ковидын өмнөх хувилбаруудтай харьцуулахад нууц хугацаа богиносож 9 хоног дотор шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдвар авснаас хойш шинж тэмдэг маш хурдан илэрдэг онцлогтой. Давтан өвдөлт дэд хэв шинжид 58 хувьтай байна. Омикроны энэ оны 1, 2 дугаар сарын давалгааны үед давтан өвдөлт 25 хувьтай байсан бол одоо хоёр дахин нэмэгджээ. 7 сараас 1 жилийн дараа давтан өвдөж байгаа аж. Хэрэв өмнө нь өвдсөн бол ковидын дархлаа сэргээх вакцин хийлгэх шаардлагатайг тэрбээр дурдав.

 

Омикроны дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдварын тархалт түгээмэл байгаатай холбоотой ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ҮӨСҮТ, МХЕГ, ТЕГ гэсэн хамтарсан эрсдлийн үнэлгээгээр омикроны дэд хэв шинж тархах эрдсэл дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. 

Related news