ӨМНӨГОВЬ: Гэрэл зурагчдын уралдаанд "Диваажин" бүтээлээрээ Ж.Амартүвшин тусгай байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-21 20:24:38
"Диваажин" гэрэл зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  зохион байгуулсан Олон улсын хэмжээний "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан-2022" амжилттай боллоо.  


Тус олон улсын анхдугаар уралдааны "Шилдгийн шилдэг" гэрэл зургаар Зизка Паулийн "Тэнүүлчин" бүтээл шалгарсан бол "Үзэсгэлэнт байгаль" төрөлд "Диваажин" бүтээлээрээ Өмнөговь аймгийн гэрэл зурагчин Ж.Амартүвшин тусгай байрт шалгарсан байна. 



Уралдааны зохион байгуулагчдын зүгээс Монголын гэрэл зурагчдыг дэлхийд таниулах, улсаа гадагш сурталчлах томоохон зорилгыг тавин ажилласан бөгөөд шилдэг болон уралдаанд ирсэн бүтээлүүдээр каталог гаргаж олны хүртээл болгох юм. Гэрэл зургийн уралдааныг Монгол болон Олон улсын шүүгч нарын хамтарсан багийн нэгдсэн дүнгээр шилдгүүдээ шалгаруулжээ.


Гэрэл зурагчин Ж.Амартүвшингийн бүтээл нь гол төлөв говийн байгалийн үзэсгэлэн, хүн зоны аж амьдралыг гэрэл зургийн хальсанд мөнхлөн буулгадаг юм. Үзэсгэлэнт говь нутгаа олон нийтэд сурталчлан таниулах хийгээд нийгмээ гэрэлтүүлэхэд өөрийн авьяас билгээрээ  хувь нэмрээ оруулж яваа тууштай хөдөлмөрч уран бүтээлч, гэрэл зурагчин.



"Монголын шилдэг байгалийн гэрэл зураг- 2022" Олон улсын уралдаанд нийт 8 орны 102 уран бүтээлч 600 гаруй гэрэл зургаар оролцож, "Үзэсгэлэнт байгаль", "Зэрлэг амьтан", "Монгол ахуй" гэсэн төрлүүдэд бүтээлээ ирүүлсэн байна. Тус уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Улаанбаатар хотын Хаан галерейд нээлтээ хийнэ.




Related news