СҮХБААТАР: “Бүсгүйн гараа” хөтөлбөр эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-08 11:52:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих “Бүсгүйн гараа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэртээ хүүхдээ хардаг, ажлаасаа түр чөлөө авсан, хараахан өөрт тохирох ажлыг олж чадаагүй байгаа нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой 20-35 насны бүсгүйчүүдийн хувьд хүний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго. Хөтөлбөрт 20 бүсгүй хамрагдаж байна.

Мэрит төслийн хүрээнд Жендэрт суурилсан төсөвлөлт гэсэн сургалтад сууснаар өнөөдрийн энэ төслийн санаа анх төрсөн. Уг сургалтаар бид төрийн албаны мэдээлэл хэнд голчлон хүрч байна, төсөв хөрөнгө яаж зарцуулж байна зэрэгт дүн шинжилгээг хийсэн.

Үүний хүрээнд Сүхбаатар аймгийн НТБТ-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд манай байгууллагаас явуулсан сургалтад хамрагдагсдын 80 гаруй хувь нь төрийн албан хаагчид байсан. Хамрагдаагүй нь ямар хүмүүс байна гээд судлаад үзэхэд яг бидний хөтөлбөрт хамруулахыг зорьсон 20-35 насны залуу охид, бүсгүйчүүд байсан. Тиймээс энэхүү хөтөлбөрөө санаачлан холбогдох хүмүүстэй хамтран эхлүүлж байна. Бүтэн нэг сарын хугацаанд бид оролцогчдоо хөгжүүлж, чадавхжуулах үйл ажиллагааг явуулна гэдгийг НТБТ-ийн захирал М.Энэбиш нээлтийн үгэндээ танилцууллаа.


Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Залуучуудын холбоо, Насан туршийн боловсрол төвөөс зохион байгуулж буй тус хөтөлбөрийг Хатан сан, Монлайн оёдлын төв хамтран хэрэгжүүлж байна.

Сургалт, мэдээллийг орон нутгийн сургагч багш, менторууд өгөх бөгөөд тэд өөрсдийн туршлагаа бүсгүйчүүдтэй хуваалцах юм. Ийнхүү тойрог байдлаар хөтөлбөр 3 долоо хоног үргэлжлэн, 4 дэх долоо хоногт оролцогчдын дунд бичил төслийн уралдаан зарлах юм. Уг төсөл нь мөн охид, бүсгүйчүүд рүү чиглэсэн байх аж.

Related news