Пакистанд халдварт саа өвчний вакцинжуулалтын аян эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-10-25 09:21:45

ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистанд полиомиелит буюу халдварт саа өвчнийг устгах хүчин чармайлтын хүрээнд уг өвчний вакцинжуулалтын аяныг даваа гарагт орон даяар эхлүүлсэн талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.


“Долоо хоног үргэлжлэх халдварт саагийн вакцинжуулалтын аяны хүрээнд таваас доош насны олон сая хүүхдийг дархлаажуулна” гэж Эрүүл мэндийн сайд Абдул Кадир Патель мэдэгдээд, улс орноо полио вирусээс ангижруулахад хувь нэмрээ оруулахыг эцэг эхчүүдээс хүссэн байна.


Эмнэлгийн олон мянган ажилтан үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд онцгойлон анхаарал хандуулж, улсын бүх дөрвөн мужийн хүүхдүүдийг дархлаажуулах ажилд оролцох ажээ.


Вакцинжуулалтыг баруун хойд нутгийн Хайбер Пахтунхва мужийн 28 дүүрэг, зүүн нутгийн Пунжаб мужийн 14 дүүрэгт явуулахаас гадна өмнөд нутгийн Синдх мужийн 6.5 сая орчим хүүхэд, баруун өмнөд нутгийн Балучистан мужийн 1.7 сая гаруй хүүхдийг хамруулна.


Пакистанд энэ он гарсаар полио вирусээр халдварласан 20 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд бүгд Афганистантай хил залгаа оршдог Хайбер Пахтунхва мужид илэрсэн гэж Засгийн газрын төлөөлөгчид мэдээлсэн байна.  

Related news