Монголын хүндийг өргөгч Ө.Чагнаадорж сэргээшийн шинжилгээнд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-22 10:10:21

ЛОНДОН. /ВВС/. Риогийн Олимпын наадамд оролцсон Монгол Улсын хүндийн өргөлтийн тамирчин сэргээшийн шинжилгээнд унаснаар түүний үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцжээ.

Спортын арбитрын шүүхийн /САШ/ мэдэгдсэнээр, хүндийн өргөлтийн тамирчин Ө.Чагнаадоржоос “тестостерон” хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.

19 настай тамирчин Риогийн Олимпын хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн -56 кг-ийн жинд өрсөлдсөн билээ.

Ө.Чагнаадорж бол сэргээш хэрэглэсэн нь Риогийн Олимпын явцад тогтоогдсон долоо дахь тамирчин юм. Сэргээшийн шинжилгээний хариуг хурдан гаргах зорилготойгоор САШ Олимп зохион байгуулагч Рио-де-Жанейро хотод оффисоо нээсэн.

“Рио-2016” өндөрлөж байгаа учир САШ тус хот дахь оффисоо хааж, үүнээс хойших сэргээштэй холбоотой ямар нэгэн асуудлыг Швейцарийн Лозанна  хот дахь төв байрандаа шийдвэрлэх ажээ.

Г.Доржханд

Related news