ЗАВХАН: Нийт малын 99.4 хувийг шүлхий өвчний вакцинд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-19 15:39:25
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймаг малын гоц халдварт, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 17.9 сая төгрөгийг зарцуулжээ.

Өнөөдрийн байдлаар 24 сумын 48 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 308,500 тун вакцин хуваарилж, нийт малын 99.4 хувийг нь вакцинжуулаад байна. Завхан аймгийн 2021 оны жилийн эцсийн тоон мэдээгээр 3755,2 мянган толгой мал тоологдсон. Аймгийн хэмжээнд 2022 онд төллөх насны 1519.3 мянган хээлтэгч малын 89.8 хувь нь төллөж, 1337.2 мянган төл бойжсон байна. 2022-2023 оны өвөл 4.05 сая толгой мал өвөлжих судалгаа гарчээ. Эдгээр малын 99 хувь нь шүлхий өвчний вакцинжуулалтад хамрагджээ. Аймгийн дүнгээр 9.1 мянган том мал зүй бусаар хорогдсон ба өнгөрсөн оны мөн үеэс 80.8 хувь буюу 38.2 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн Засаг даргын нөөц сангаас 3.4 сая төгрөг, сумдын Засаг даргын тамгын газраас 17.9 сая төгрөгийн санхүүжилтийг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад зарцуулахаар олгосон байна. Энэ оны наймдугаар сард Их-Уул сумын Зарт багт бог малд шүлхий өвчин оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоосон. 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш нэмж өвчилсөн мал, амьтан байхгүй. 9 дүгээр сарын 30-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Related news