Хан-Уул дүүргийн иргэдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэг, шинжилгээнд хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн дэмжих төвдөө хийж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн нийт иргэдийн 20 гаруй хувь нь хамрагдаад байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн Дэмжих төвийн дарга Т.Дэлгэрмаа хэлэхдээ, "17 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ, 18-аас дээш насны иргэдийн шинжилгээг Хан-Уул ЭМТ, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг болон хоёр гэрээт хувийн эмнэлэгт хийж байна. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дэмжих төвийг байгуулж, тоног төхөөрөмжийг мөн шийдвэрлэсэн өгсөн. Тиймээс бид Дэмжих төв дээрээ эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээг цогц хийж байна" гэв.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.