ЗАВХАН: Соёлын өртөөчилсөн аялалд 600 гаруй насанд хүрэгч, хүүхдүүд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-06 17:26:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт үндэсний бичиг соёл, номын өдрүүд үргэлжилж байна. Энэ жилийн үйл ажиллагааны хүрээнд соёлын байгууллагуудаар аялах, өртөөчилсөн аялалд 600 гаруй хүүхэд, насанд хүрэгчид оролцлоо.

Уншигч хүүхдүүд сарын хугацаанд, амралтын өдрүүдээр соёлын байгууллагуудаар аялж, үйл ажиллагаатай нь танилцахаас гадна соёл урлагийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлчдийн онцлогийг танин мэдэж байна.

Өнөөдрийн байдлаар соёлын байгууллагуудаар Улиастай сумын дөрвөн ерөнхий боловсролын сургуулийн 668 хүүхэд аялжээ. Хүүхдүүд Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр, Музейн үйл ажиллагаатай танилцаж, ховор үзмэрүүдийн тухай түүхийг танин мэдэж байна.

“Соёлын өртөөчилсөн аялал” 9 дүгээр сарын 19-нөөс хойш үргэлжилж байна. Энэ аяллаар ерөнхий боловсролын суралцагчид болон насанд хүрэгчид тухайн соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас гадна, театрын жүжиг, тоглолтууд ямар шат дараатай, хэчнээн хүний хөдөлмөрөөр бүтдэг болох. Аймгийн музейд хадгалагдаж буй 200 гаруй төрлийн оньсон тоглоомуудыг хэрхэн тоглох арга, ач тусын талаарх сонирхолтой мэдээллийг музейн тайлбарлагчдаас сонсож байна.

Түүнчлэн Завхан аймгаас төрөн гарсан урлаг соёлын болон бусад салбарын алдартнуудын танхим, байгаль түүхийн танхимуудаар аялж байна. Ялангуяа музейн үзмэрүүдийг хэрхэн хадгалж хамгаалдаг, үнэт үзмэрүүдийн сонирхолтой түүхүүдийг ч танин мэдэж байна.

Мөн үндэсний бичиг соёлын өдрүүдийн хүрээнд насанд хүрэгчдийн дунд хос бичигтэн уран бичлэгийн уралдаан, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг аймгийн төрийн байгууллагуудаар аялуулж байна гэж аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.   

Ташрамд тус аймаг энэ сарын 19-ний өдөр үндэсний бичиг соёлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх нээлтээ хийсэн. Номын баярын нээлтийг Генералуудын талбайд зохион байгуулж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, идэвхтэн уншигчид гээд 500 гаруй хүн оролцсон. Энэ үеэр ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн суралцагчдын дунд “Үсэглэлийн хаад” танин мэдэхүйн уралдаан, цэцэрлэгийн бяцхан уншигчдад чанга уншлага, зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулжээ.





Үндэсний бичиг соёлын номын өдрүүдийн онцлох нэг арга хэмжээ нь угийн бичигтэй болох сонирхолтой хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан сургалт байв. Энэ сургалтыг ахмад багш Ч.Янжинхүү удирдан явуулж 40 гаруй насанд хүрэгч, хүүхдүүд оролцжээ.







 

Related news