ЗАВХАН: Багш нарын спортын наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-05 13:28:53

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт “Багшийн хөгжил” урлаг, спортын анхдугаар наадам болж 1300 гаруй багш оролцжээ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит тус наадмыг анх удаа зохион байгуулсан бөгөөд, дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг угтаж спортын долоо, урлагийн зургаан төрлөөр багш нар болон, боловсролын салбарын ажилчид авьяас, ур чадвараа сорьжээ. Спортын долоон төрөлд аймгийн боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын 36 багийн 1254 тамирчин оролцсон байна.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Д.Хоролгарав захиралтай волейболын спортын мастер Т.Бат-Эрдэнэ ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, дэд байрыг Б.Буяннэмэх захиралтай, Б.Үйлс ахлагчтай Улиастай сумын Ерөнхий боловсролын III сургуулийн баг, гуравдугаар байрыг Б.Сэр-Од ахлагчтай Тосонцэнгэл сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багууд эзэллээ.


Харин гар бөмбөгийн эмэгтэй төрөлд тэргүүн байрыг волейболын спортын мастер Г.Мөнхбилэг ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, дэд байрыг А.Сонинбилэг ахлагчтай Их-Уул сумын цэцэрлэгийн баг, гуравдугаар байрыг Я.Отгонцэцэг захиралтай, З.Эрдэнэчимэг ахлагчтай Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн баг эзэллээ.


Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын ерөнхий боловсролын III сургуулийн баг, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Т.Намжилжав захиралтай Улиастай сумын Дэвшил сургуулийн багууд эзэлжээ.

Шилдэг тамирчнаар Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш Б.Мөнхсүх, Л.Адьяабат, Улиастай сумын ерөнхий боловсролын III сургуулийн багш О.Анхжаргал,Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийн багш Ж.Алтанзул нар шалгарсан байна.


Шатарын эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II сургуулийн багш Т.Алтанбагана, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш П.Түмэнжаргал нар эзэлжээ.

Харин шагай харваа төрөлд тэргүүн байрыг Яруу сумын ЕБ-ын сургуулийн багш, аймгийн гоц мэргэн Г.Мөнххангай, үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын “Смарт кидс” цэцэрлэгийн багш, сумын мэргэн Б.Батсайхан, ширээний теннисийн холимог хос төрөлд тэргүүн байрыг Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн багш А.Хүдэрхуяг, Э.Уламбаяр нар тус тус эзэлж мөнгөн шагналаар шагнууллаа.


Энэ наадам нь Завхан аймагт анх удаа боловсролын салбарын багш ажилчдын дунд урлаг спортын ур чадварыг нь үнэлсэн, олон тамирчин өрсөлдсөнөөрөө онцлог боллоо. Наадам нь аймгийн хэмжээний боловсролын салбар, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах. Баг хамт олноороо нэг зорилго, нэг тэмүүллийн төлөө хэрхэн ур чадвар гаргах. Нийтийн биеийн тамираар хичээллэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн спортыг олон нийтэд сурталчилж ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм гэж аймгийн БСШУГ-аас мэдээлэв.  










 

Related news