АРХАНГАЙ: Энэ жил 6.1 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-03 09:35:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.4 мянган малчин болон мал бүхий өрхийн 6.1 сая толгой  малыг өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөж байна.


Малчид 80.0 мянган тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 51.7 мянган тн байгалийн хадлан, 10 тн үйлдвэрийн тэжээл, 613 тн гар тэжээл бэлтгэсэн нь 64.0 хувьтай байна. Зуншлага сайн байсан ч хадлангийн унац тааруу байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Аймгийн аюулгүйн нөөцөд 1670 тн өвс, 620 тн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 615.5 тн өвс, 259.9 тн тэжээл төвлөрүүлсэн нь 62.9 хувьтай байна.


Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргаж, малын тоо толгойн албан татварын орлогоор 2 суманд 5 цооног, 7 худгийн засварын ажлыг хийсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 16 суманд 19 худаг гаргахаас 2021 онд 13, 2022 онд 6 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг ашиглалтад хүлээн авч, орон нутгийн өмчид хүлээлгэн өгсөн байна.

Related news