ХОВД: “Манай нутгаар зочлоорой” номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-29 15:00:53

Ховд /МОНЦАМЭ/. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд зориулсан “Манай нутгаар зочлоорой” хэмээх ном шинээр гарчээ.


Уг номын нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймгийн төв, Өв соёлын хүрээлэнд зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагууд аялал жуулчлалыг уул уурхайгаас гадна эдийн засгийг солонгоруулах чухал стратегийн салбар гэж үзэх болсон. Учир нь нүүдлийн соёл уламжлал, онгон байгаль нь жуулчдыг хамгийн их татдаг зүйл.

Өдгөө байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалж, тогтвортой байдлыг хангахад тэнд амьдарч буй орон нутгийн иргэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, цаашлаад тогтвортой аялал жуулчлал, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд олон улсын төсөл, хөтөлбөр, мэргэжлийн байгууллага, иргэд, нөхөрлөлүүд хамтран ажиллаж ирсэн.  

Энэ удаа “Манай нутгаар зочлоорой” хэмээх нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд зориулсан гарын авлага бэлтгэж, байгаль орчны байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүдэд танилцууллаа.   

Энэхүү гарын авлага нь нийт 17 хэсгээс бүтсэн. Малчид, хөдөөгийн иргэд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа эхлүүлж, амжилттай хөгжүүлэн авч явахад тус нэмэр болох амьдралд хамгийн ойрхон заавар, зөвлөгөөг шат дараалан тусгаснаараа онцлогтой.   

Сумдад байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, байгаль хамгаалах нөхөрлөлүүд нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тодорхой бэрхшээл бий. 

“Манай нутгаар зочлоорой” гарын авлага нь орон нутгийн нөхөрлөл, бүлэг, хувь хүмүүс эрхэлж буй аялал жуулчлалын үйл ажиллагаагаа үнэлэн цэгнэж, цаашдын  үйл ажиллагаагаа хууль эрх зүйн зарчмын хүрээнд явуулах талаар шинэ мэдлэг, ойлголт өгнө гэж мэргэжилтнүүд онцоллоо. 

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES)  төсөл,  Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ гэх мэт олон талын оролцоотойгоор энэхүү номыг боловсруулан гаргажээ.

 

Related news