СЭЛЭНГЭ: УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-24 16:01:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.


УИХ-ын даргын ажлын айлчлалын гол зорилго нь өнгөрсөн хаврын чуулганаар баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36  дугаар тогтоолын таван чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 114 зорилтыг хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцах, мөн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд чиглэжээ.

 

УИХ-ын дарга Сэлэнгэ аймагт ажиллахдаа Алтанбулаг боомт, Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, Шаамар сумын ногоочин, зөгийчин Б.Алтанцэцэгийн аж ахуйгаар зочилж, иргэд ногоочдын төлөөлөлтэй уулзах юм. Мөн Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийн тариаланчидтай уулзаж, Сүхбаатар сум дахь “Алтан тариа” гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөөтэй байна.   

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдөд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б. Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж болон бусад хэлтэс, албадын удирдлагууд аймаг орон нутгийн цаг үеийн мэдээллээ танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

 

Үүний дараа УИХ-ын дарга Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт болон Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Ардын хувьсгалын өлгий, хилийн боомт гэдэг утгаар тус сумыг “Жишиг сум” болгон хөгжүүлэх хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, боомтын барилгын ажлыг эхлүүлээд явж байгаа юм.

 

УИХ-ын дарга энэхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцаад “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн дагуу “Жишиг сум” төслийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан хангамжийн эх үүсвэрээс чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан болон дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, түүнчлэн бохир болон цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах шаардлагатай байна. Мөн Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэхэд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэн чухал байна” гэдгийг онцоллоо.

 

Сүүлийн үед тус чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байгаа аж. Мөн Чөлөөт бүсэд зөвхөн худалдаанаас гадна үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг дэмжих нь чухал юм гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэж хэллээ.   

 

УИХ-ын дарга Г.Занданшатартай хамт УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Х.Аубакир, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар орон нутагт ажиллаж байна.

Related news