ЗАВХАН: Олон улсын жишигт нийцсэн авто зогсоолыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-19 15:03:51

Завхан/МОНЦАМЭ/. Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай улсын чанартай авто замын 385 дахь километрт 2700 м.кв иж бүрэн авто зогсоолыг ашиглалтад орууллаа.

Амралт, угталт, үдэлтийн зориулалтаар барьсан авто зогсоол нь хоёр сүүдрэвч, эрэгтэй эмэгтэй бие засах газар, явган хүний зам, замын гарц, хогийн сав, ногоон байгууламж бүхий цогц зогсоол юм.  

Олон улсын жишигт нийцсэн энэхүү авто зогсоол нь хот хоорондын автобус болон том оврын ачааны автомашин таван ширхэг суудлын гээд нэг дор 20-30 орчим автомашин зогсох боломжтой. Суурин газар луу орох боломжгүй том оврын ачааны автомашин, автобусны жолооч нар амрах, зорчигчдыг түр амраах, засвар үйлчилгээ хийх болон үдэлт, угталт хийх орчныг байгаль орчинд ээлтэйгээр иж бүрэн тохижуулсан зогсоол юм. Түүнчлэн Улиастай болон Алдархаан сумын иргэд, малчид аялагч, жуулчдад зориулан сүү цагаан идээ, нутгийн брэнд бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулах боломжтой юм.  


Улсын чанартай автозамд амралт, үдэлт, угталтын зориулалттай авто зогсоолыг Зам тээвэр хөгжлийн яамнаас 280 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Одоогоор тус авто замын зогсоолын санхүүжилт орж ирээгүй байгаа боловч "Завхан АЗЗА" ХХК өөрийн дотоод нөөцөө ашиглан ашиглалтад оруулаад байна.


Тус авто зогсоол нь анх 280 сая төгрөгийн өртөгтэйгөөр зураг төсөв хийснээс хойш үнийн өсөлттэй холбоотой зардал нэмэгдэж, 461 сая төгрөгийн өртгөөр ашиглалтад оржээ. Мөн иж бүрэн гэрэлтүүлэг нь зураг төсөвт байхгүй бөгөөд нэмэлтээр тус компани суурилуулаад байна гэж "Завхан АЗЗА" ХХК-аас мэдээлэв.



 

Related news