Д.Болдсүх: Цоо шинэ Комацу автосамосвалуудыг “Mongolia Mining 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-19 14:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Болдсүх: Цоо шинэ Комацу HD465 автосамосвалуудыг “Mongolia Mining 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна.


Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулна. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй Трансвест Монголиа ХХК-ийн Худалдаа Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхтэй ярилцлаа.


-“Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг есдүгээр сард зохион байгуулна. Танай байгууллага тус үзэсгэлэнд хэзээнээс оролцож байгаа вэ. Ер нь үзэсгэлэнгийн цар хүрээний талаар ярина уу?

-Монгол дахь Комацугийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани нь “Монголиа Майнинг” үзэсгэлэнд 2017 оноос хойш ивээн тэтгэгчээр оролцож байна. Уул уурхайн тоног төхөөрөмж, техник нийлүүлэгчдийн хувьд салбарын хамгийн том үзэсгэлэн юм. Уул уурхайн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг нэг дээвэр дор цуглуулснаараа харилцагч, салбарын бүхий л мэргэжилтэнд харилцан туршлага судлах, бизнесийн харилцаа холбоо тогтоох тааламжтай боломж олгодгоороо давуу талтай тул бид ивээн тэтгэгчээр оролцдог.


-Олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2022” үзэсгэлэнг ивээн тэтгэгчээр оролцох болсон шалтгаан юу байв?

-Салбарын хамгийн өргөн хүрээтэй, мэргэжлийн түвшинд зохион байгуулагддаг үйл ажиллагаа тул “Монголиа майнинг 2022” үзэсгэлэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна. Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч байгууллагын хувьд, энэ үзэсгэлэнгээр дамжуулан тоног төхөөрөмж, техникийн дэвшилтэт шийдлийг танилцуулах таатай боломж олгож байгаад талархалтай байгаа. Цаашид энэ үзэсгэлэнгийн цар хүрээ, ач холбогдол улам нэмэгдэж байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан техник тоног төхөөрөмжүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ямар чухал болохыг хэрэглэгчдэд ойлгуулах давуу талтай.


-Компаниас энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

-Энэ жил бид Комацугийн Герман улс дахь үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн болох том оврын экскаваторууд, тэр дундаа Комацу PC3000 моделийг онцлон танилцуулна. Мөн үзэсгэлэнд зориулж цоо шинэ Комацу HD465 автосамосвалиудыг үзэсгэлэнгийн гадна талбайд байршуулан танилцуулахаар төлөвлөж байна.


-Компанийнхаа үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгвөл?

-Манай байгууллага сүүлийн 1 жилд бизнесийн үйл ажиллагаандаа 60 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулж 22,000м2 талбай бүхий засвар үйлчилгээ, сэлбэгийн агуулах, оффисын Комацу төвийг ашиглалтад орууллаа. Бид наймдугаар сарын 16-нд шинэ байгууламжийн нээлтээ хийж, ЗГХЭГ, УУХҮЯ-ны удирдлага, гадаад дотоодын 200 гаруй харилцагчдаа шинэ байгууламжаа танилцуулсан.


-Энэ жил “Mongolian Mining 2022” үзэсгэлэн урдынхаасаа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Тэр дундаа олон улсын байгууллага тус үзэсгэлэнд оролцох нь нэмэгджээ. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Цар тахлын 2 жилийн хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. Бизнесийн байгууллагууд харилцаа холбоо тогтоох, өргөжүүлэх мэдээлэл туршлага солилцох эдгээр үйл ажиллагааны ач холбогдол, үр өгөөжийг ойлгосон байх. Бидний хувьд салбар салбарын хурал, үзэсгэлэн гэх мэт бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа, уулзалт семинар эргээд идэвхжиж байгаад баяртай байгаа.

Related news