ГОВЬ-АЛТАЙ: Хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоох үүрэг даалгавар өгчээ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-13 10:13:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас шатахуун түгээх станцуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, албан даалгавар өгчээ.

Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар албан даалгавраар хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох үүрэг чиглэлийг сурталчлан таниулсан байна.

Мөн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Шалгалтад нэг иргэн, 11 аж ахуйн нэгжийн 33 шатахуун түгээх станцыг хамруулсан тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Тус албан даалгавар нь "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө байгуулах" тухай юм. Үүнд:

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад 

"... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгах, 

-Нүхэн жорлонг ашигласны улмаас хөрс болон усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах,

-Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах, 

-Иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангах, 

-Стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулж ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байхыг тус тус даалгасан байна.


Related news