ДУНДГОВЬ: “Солонгон хүүхдүүд” сургалтын төв үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-06 12:08:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан суманд бага ангийн сурагчдыг хөгжүүлэх “Солонгон хүүхдүүд” сургалтын төв энэ сарын 4-нд нээлтээ хийлээ.

Тус төв нь байгалийн гэрэлтүүлэг, стандарт ширээ, сандал бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэлэг, тав тухтай орчныг бүрдүүлж, 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан математик, монгол хэлний мэдлэгийн түвшин ахиулах тусгай хөтөлбөр болон хоцрогдол арилгах  сургалт явуулахаар элсэлтээ авч байна.

Энэхүү сургалтын төвийг үүсгэн байгуулагч О.Эрдэнэтөгс хэлэхдээ “Миний бие 14 жил бага ангийн багшаар ажиллаад өөрийн мэргэжлийнхээ амтанд орж явсан багшийн төлөөлөл. Одоогоос 2 жилийн өмнө өөр нэгэн сонголт хийж ажлаасаа хөндийрсөн боловч арга зүй, ур чадвар, мэдлэг боловсролдоо тулгуурлан төсөөлж, зорьж явсан нэг зүйл маань аймагтаа шинэ үеийн хүүхдүүдийн хөгжилд нийцэхүйц сургалтын байгууллагатай болох юмсан гэсэн хүсэл байлаа.

Ийнхүү олон жил санаж, зорьж явсан ажил маань биелэлээ олж билгийн тооллын намрын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр “Солонгон хүүхдүүд” сургалтын төвөө найзтайгаа хамтарч нээлээ.

Мэдээж бодож, төсөөлж явсан ажлыг маань дэмжих, асааж өгөх, зориг оруулах, зөвлөх хүн хамгаас чухал байсныг хэлэх юун. Тавьсан саналыг маань шууд ажил хэрэг болгосон хамтран зүтгэгч, зөвлөгч, чиглүүлэгч, хамгийн гол нь орчин үеийн маш өндөр мэдлэг, мэдрэмжтэй М.Баяржаргал найз маань байсанд баяртай байна. Мөн сургалтын төвийн чадварлаг менежер Б.Ундармаа дүүтэйгээ хамтарч ажиллах болсондоо мөн туйлын их баяртай байгаа” гэлээ.

"Солонгон хүүхдүүд" хэмээн төлөө нэрлэсний учрыг тодруулхад "солонго бол бороо арилж, тэнгэр цэлмэж буйн дохио, тэгээд хүүхэд бүр өөр өөр байдаг тул тэдний онцлог, олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх" гэсэн утгыг илэрхийлнэ хэмээн тайлбарлав.

“Солонгон хүүхдүүд” сургалтын төв хөтөлбөрийн дагуу 7 хоногт гурван удаа 2 цагаар хичээллэх ажээ. 

Related news