ДУНДГОВЬ: 1003 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-01 16:39:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын 22 цэцэрлэг, 19 сургуулийн багш, сурагчид өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шинэ сурагчдаа хүлээн авлаа.

Тус аймгийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид 1003 хүүхэд элсэн орж байгаа бөгөөд 19 сургуульд 9000 орчим, Политехник коллежид 530 оюутан, 22 цэцэрлэгт 3200 хүүхэд сурч, хүмүүжих ажээ.

Энэ өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар Сайнцагаан сумын зарим сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа.

Дундговь аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны 4 жилийн мөрийн хөтөлбөр, “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт шинээр 1 сургууль, 3 цэцэрлэг, 1 дотуур байрыг  улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлүүлжээ. Мөн энэ онд 1 дотуур байр, 2 сургууль, 1 спорт заалны барилгын ажил гэсэн томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна.

Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан энэ жил нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан багачуудад Дундговь аймагт барьж буй “Ид шидийн орон”-ы залуучууд сурагчийн дүрэмт хувцасны цамц бэлэглэж, энэ үеэр Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон болон салбартаа манлайлан ажиллаж буй багш, сурагчдад шагнал гардуулав. 

Related news