Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-17 12:50:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.


Монгол Улсад газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Тухайлбал, Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай, Газрын төлбөрын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй юм. Энэ хүрээнд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, “Геодези бол улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн тоонд тулгуурлаж бүтээн байгуулалт явдаг. Хийн хоолой, төмөр зам,  шугам хоолой гээд бүх бүтээн байгуулалт геодезид тулгуурладаг. Тиймээс энэ салбарын эрх зүйн орчныг хэд хэдэн чиглэлээр сайжруулж байгаа. Тухайлбал, геодезийн төлөвлөлт, хэрэгжилт, архивлах асуудлыг нарийн зохицуулж, мэдээллийн санг нэгтгэх асуудлын тусгаж байна. Түүнчлэн батлан хамгаалахын салбарыг тусгайлсан салбар гэж үзээд газрын мэдээллийг нээдэггүй байсан. Харин энэ хуулийн төсөлд нийтийн болон тусгайлсан гэж ангилаад, нууцаас гаргасан газрын мэдээллийг ид тод болгож, иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжоор хангаж байгаа. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн байгууллагуудын оролцоог нарийвчлан тусгасан” гэлээ.

Related news