Хятадын зүүн нутагт 35 хүн шинэ вирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-08-11 11:02:41

БЭЭЖИН. /BBC/. Хятадын зүүн нутгийн Шаньдун, Хэнань мужид 35 хүн халдвар аваад байгаа “ланъя” хэмээх /LayV/ шинэ, амьтнаас гаралтай вирусийг эрдэмтэд судалж байна.


Халдвар авсан хүмүүст халуурах, сульдах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Тэднийг амьтдаас вирусний халдвар авсан гэж үзэж байгаа бөгөөд “LayV” вирус одоогоор хүнээс хүнд халдварладаг гэх нотолгоо байхгүй байна.


Судлаачид уг вирусийг голчлон атаахай гэх нэг зүйл хулганаас илрүүлсэн байна. Энэ талаар Хятад, Сингапур, Австралийн судлаачдын бичсэн, “New England Journal of Medicine” анагаах ухааны сэтгүүлд энэ сард нийтлүүлсэн нийтлэлд онцолжээ.


Судлаачдын нэг болох Сингапурын “Duke-NUS” анагаах ухааны сургуулийн профессор Ван Линьфа Хятадын “Global Times” сонинд мэдээлэхдээ, одоогоор илэрсэн “LayV” вирусний тохиолдлуудын дунд нас барсан, хүндээр өвчилсөн тохиолдол байхгүй тул “сандарч тэвдэх шаардлагагүй” гэсэн байна.


Гэхдээ хүнд халдварласан тохиолдолд урьдчилан таамаглахын аргагүй үр дагаврыг авчирч болзошгүй олон вирус байгальд байсаар байгаа тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг сэрэмжлүүлжээ.


Судлаачдын мэдээлснээр, “LayV” вирус шинжилгээ хийсэн атаахайнуудын 27 хувьд илэрсэн нь сохор номинтой төстэй хөхтөн амьтад “эх уурхай” нь байж болзошгүй гэдгийг харуулсан байна. Түүнчлэн нохойнуудын 5 хувь, ямааны 2 хувиас вирус илэрчээ.


Тайванийн Өвчинд хяналт тавих төв уг вирусний нөхцөл байдалд “нягт анхаарал хандуулж” байгаагаа ням гарагт мэдээлсэн байна.


LayV” нь генипавирус буюу амьтнаас хүнд дамжин халдварладаг зоонозын вирусний ангилалд багтаж байна. Зоонозын вируснүүд нь маш түгээмэл боловч “COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш илүү их анхаарал татах болоод байгаа юм.  


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв судлаачдын гаргасан тооцоог эш татан мэдээлснээр, хүмүүсийн дунд шинээр гарч ирж буй дөрвөн халдварт өвчин тутмын гурав нь амьтнаас гаралтай байна.


Мөн НҮБ зэрлэг ан амьтдыг ашиг олох зорилгоор агнах, ашиглах явдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчин дэгдэх эрсдэл улам нэмэгдэх төлөвтэй байгааг өмнө нь анхааруулсан юм.


Зоонозын зарим вирус нь хүний аминд халтай байдаг бөгөөд үүнд Азид үе үе тархдаг “нипа” вирус, Австралид мориноос анх илэрч байсан “хендра” вирус зэрэг багтдаг байна.


Мөн өөр генипавируснүүд атаахай, сарьсан багваахай, мэрэгч амьтдаас илэрч байжээ. 

Related news