СЭЛЭНГЭ: Ахмадын хорооны төлөөлөгчид Байгалын симпозиумд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-09 19:49:43
@ShoovdorBatbold

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын Ахмадын холбооны шилдгийн шилдэг өргөмжлөлт Сэлэнгийн ахмадын хорооны төлөөлөгчид долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Байгалын олон улсын анхдугаар симпозиумд оролцлоо. 


Энэ симпозиумыг ОХУ-ын Ахмадын холбоо, Буриадын Ахмадын холбоо хамтран “Өндөр настны урт наслахын арга ухаан" сэдвийн хүрээнд ахмад настнуудыг нийгмийн амьдралд оролцоход ижил тэгш боломж олгох замаар идэвхтэй урт наслалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч /субъект/ талуудын хоорондын харилцааг хангах, ахмад настнуудын идэвхийг дээшлүүлэх, системтэй шийдлүүдийг нэгтгэх, ахмад настнуудын сайн дурын үйл ажиллагааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэвтрүүлэх, Буриад улс болон бусад бүс нутгийн нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагаанд шинэ арга барил нэвтрүүлэх зорилготой зохион байгууллаа. 


Арга хэмжээнд Сэлэнгэ аймгийг төлөөлөн аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгч, Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ, Сүхбаатар сумын Ахмадын хорооны дарга М.Нарантуяа, Алтанбулаг сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын ажилтан Б.Мөнхзул нар оролцов. 


Буриадын Ахмадын холбооны дарга Айдаев Геннадий Архиповичийн санаачилгаар анх удаа зохион байгуулагдаж буй энэ чуулганд ОХУ-ын ахмадын холбооны дарга Епифанов Владимир Александрович оролцож, Буриад улсын тэргүүний төлөөлөгч баярын илгээлт гардуулан, ахмадуудынхаа талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Буриадын Ардын хурлын орлогч дарга Мантатова.Т.Е болон тус улсын Эрүүл мэндийн,биеийн тамир спортын сайд нар илтгэл тавьсан юм.


“Монголын төлөөлөгчид манай чуулганд оролцож байгаа нь арга хэмжээг олон улсын шинж чанартай болгож байна” хэмээн Буриадын Ахмадын холбооны дарга Айдаев тавьсан илтгэлдээ онцлоод “Бидний хамтын ажиллагаа бүс нутгийн төдийгүй ОХУ-Монгол Улсын ахмадын байгууллагын хамтын ажиллагаа болж өргөжин гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв. 


Энэ үеэр Буриадын Ахмадын холбоо-Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. 

                                                                                                                                                                                    П.Буян-Эрдэнэ




Related news