Ж.Байдены коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-08 09:19:11

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн коронавирусний шинжилгээний хариу хоёр өдөр дараалан сөрөг гарсан тул тусгаарлалтаа дуусгажээ.


Ийнхүү Ж.Байден ням гарагт Делавэр муж улсыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд биеийн байдлаа маш сайн байгаа талаар мэдээлсэн байна.


Цагаан ордон мөн өдөр түүний эмчийн тайланг танилцуулсан бөгөөд үүнд ерөнхийлөгчийн антигений шинжилгээний хариу ням гаргийн өглөө хоёр дахь өдрөө дараалан сөрөг гарсан талаар дурджээ. Мөн Ж.Байден “олон нийтийн үйл ажиллагаанд эргэн оролцож, зорин очихоор төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэх боломжтой” гэдгийг онцолсон байна.


АНУ-ын Ерөнхийлөгчийн коронавирусний шинжилгээний хариу анх долоодугаар сарын 21-нд эерэг гарч, улмаар долоодугаар сарын 26, 27-нд сөрөг гарсан юм. Гэвч долоодугаар сарын 30-ны өдөр дахин эерэг гарсан тул тэрбээр Цагаан ордонд тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэсээр иржээ.


Даваа гарагт Ж.Байден хүчтэй аадар борооноос үүдэн үерийн гамшиг нүүрлэж, улмаар олон хүн амь насаа алдсанаас гадна ихээхэн хохирол учирсан Кентакки муж улсад очихоор төлөвлөж байгаа аж. 

Related news