БУЛГАН: Адуугаа ус гатлуулж байгаад энджээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-18 12:08:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид адуугаа ус гатлуулж байгаад эндсэн  иргэний эрлийг өнөөдөр үргэлжлүүлж байна. Хутаг-Өндөр сумын Тээл багийн Баруун тэрмийн тавилан гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д Сэлэнгэ мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 33 настай, эрэгтэй иргэн Д-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрэмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн Бирвааз гэдэг газар хүртэл 30 км-т Сэлэнгэ мөрний усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Өнөөдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон, Эгийн гол Хутаг-Өндөр сумын Хантай баг, Зүүнтүрүүний гол Булган сум, Хануйн гол Баян-Агт сум, Орхон сум Сайхан сум орчмоор үеэрлэж, усны түвшин нь олон жилийн дундажаас 99 см хүртэл нэмэгдсэн байгааг аймгийн Онцгой байдлын газар онцгойлон анхааруулж байна.

Related news