ОХУ, Азербайжан, Иран Умард-Өмнөд чиглэлийн тээврийн коридорыг хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-09 13:36:17

БАКУ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар өчигдөр Баку хотноо гурван талын уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд энэ хамтарсан мэдэгдэлдээ, Умард-Өмнөд чиглэлийн тээврийн коридорыг хөгжүүлэх хүчин чармайлт гаргахаар тохиролцсон тухайгаа дурджээ.

Умард-Өмнөд чиглэлийн олон улсын тээврийн коридороор дамжуулан зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах боломжийг өргөжүүлэх зорилготой тээвэр, харилцаа холбооны дэд бүтэц байгуулах үр дүнтэй арга хэмжээ авахаар талууд тохиролцсон байна.

Мөн тэд, тээврийн энэ коридорын хүрээнд төмөр замын сүлжээг холбох шинэ төсөл боловсруулахаар тохиролцжээ. Үүнээс гадна Каспийн тэнгисийн хууль ёсны статусын тухай Конвенц батлах, хамтран ажиллах боломжтой эсэхийг судлах зорилготой байгаагаа гурван Ерөнхийлөгч илэрхийлжээ.

ОХУ, Иран, Азербайжан эрчим хүч, тээврийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, гурван орны эрчим хүчний системийг холбох саналыг дэмжинэ гэдгийг тэд мэдэгдэлд онцолсон байна.

Д.Нямтулга

Related news