Зүүн болон говийн бүсийн үсчин, гоо засалчид ур чадвараараа өрсөлдөв

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-06-06 18:12:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Зүүн болон говийн бүсийн үсчин гоо засалч, хумс, дизайн урлалын бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нд Мандалговь хотод боллоо.

Тэмцээнийг Үсчин гоо засалчдын холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ, Политехник коллеж, ХХҮГ, Стандарт хэммжил зүйн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Замын үүд, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн 41 үсчин, гоо засалчид оролцож ур чадвараараа өрсөлджээ.

Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт, эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт, эрэгтэй зураглалтай засалт, эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт, эмэгтэй салоны тайралт, тайзны нүүр будалт, гелин хумсан дээрх уран зураглал, оюутан суралцагчдын гэсэн 10 төрлөөр явагдаж, шагналт байрын эздийг тодруулсан.

Багийн нийлбэр дүнгээр Өмнөговь аймгийн оролцогчид бүсээс шалгарч, “Бүсийн аварга” цомын эзэд болсон бол Дундговь аймгийн оролцогчид 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, хоёрдугаар байр эзэлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс тус тэмцээнийг “7 аймгийн үсчин, гоо засалчид харилцан туршлага солилцсон, үс болон гоо сайхны энэ жилийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг тодорхойлсон, мэргэжлийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлсэн, ур чадвараа ахиулсан ач холбогдолтой тэмцээн болж өнгөрлөө” хэмээн дүгнэлээ.