Хүнсний аюулгүй байдлын хямралын нөлөөг бууруулахыг уриалсан тогтоол баталжээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-05-24 13:30:29

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ хүнсний аюулгүй байдлын хямралын нөлөөг бууруулахад олон улсын хүчин чармайлт гаргахыг уриалсан тогтоолыг даваа гарагт баталжээ.


Энэхүү тогтоолд хүнсний аюулгүй байдлын хямралд нэрвэгдээд буй улс орнуудад хүнсний хангамж, хүнсний хөтөлбөр, санхүүгийн тусламж яаралтай үзүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зэргээр уялдаа холбоотой ажиллах замаар дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.


Мөн Дэлхийн худалдааны байгууллагын бүх нийтийн, дүрэм журамд суурилсан, нээлттэй, ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш олон талт худалдааны тогтолцоог дэмжихийг уриалжээ. Түүнчлэн дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх асуудлуудынхаа тэргүүнд тавьж, хямралыг зохицуулах шийдэл олоход олон талт хүчин чармайлтыг дэмжихийг “Долоогийн бүлэг”, “Хорийн бүлэг” зэрэгт уриалсан байна.


Хүнс, хөдөө аж ахуйн ханган нийлүүлэлтийн сүлжээг хэвийн байлгах, тариаланчдыг, тэр дундаа жижиг болон өрхийн тариаланчдыг үр тариа, мал аж ахуйгаа тогтвортой өсгөхөд нь дэмжлэг үзүүлэх техникийн хэрэгсэл, тусламжаар дэмжихийг гишүүн орнууд болон холбогдох бусад оролцогч талуудад уриалж байна. Мөн нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг хязгаарлахын тулд шатахууны үнийг боломжийн байлгах шаардлагатайг онцолж, эрчим хүчний түүхий эдийг нөөцлөхгүй байхыг улс орнуудад уриалжээ.


Мөн гишүүн орнууд, НҮБ, хүмүүнлэгийн, хөгжлийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудад дэлхийн хүнсний баталгаагүй байдлын эсрэг яаралтай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, бэлтгэхийг уриалсан байна. Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөн, ган, өлсгөлөнд нэрвэгдсэн улс орнуудад яаралтай тусламж, санхүүжилтээр туслах НҮБ-ын хүмүүнлэгийн уриалгад анхаарлаа хандуулахыг гишүүн орнуудад уриалжээ. 

Related news