Гурван сайхан бүсгүйн домогтой говийн сайхан уулсын нутгаар

ТОЙМ
elbeg_b2004@yahoo.com
2022-05-18 18:18:30

-Аян замын тэмдэглэл-

  

Нэг. Өхөөрдмөөр хөөрхөн, өрөвдмөөр цөөхөн мазаалайгаар нэрлэсэн анхдугаар үзэсгэлэн


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавар нь зундаа тахим өгөх цагаар говьд ирлээ. Өмнийн цэнхэр говьд анх удаа довтолгож хүрэв. Зуны найртай цаг хаяанд бууж, урин дулаан айлсжээ. Гэхдээ говьд хуй салхи хүүгэж, үе үе шороон хөшиг татуулах, угалзан шуурга уулгалах нь байгалийнх нь онцлог билээ. Далан булагсийн домогтой Даланзадгадын хөндий даанч уужуу юм гээч. Хархорины хөндий, эртний хаадын нутагтай л зүйрлэж болох мэт. Өмнийн говь бол бас Батмөнх даян хааны суугуул нутаг хэмээх билээ. Ер тийм бол хаадын нутаг, гүрэн даяхны нийслэлүүд л ийм уужуу тэнэгэр оройн зайд төвхнөн буурилсан байдаг юмсан уу гэсэн бодол ундруулах ажээ. Өмнөговь бол миний анх зорьж хүрсэн, тэгэхдээ арван найм дахь аймаг боллоо. Хуучны хуваариар юмсан бол бүх аймгийг ийнхүү бичиг соёлын ажлын зориогоор нэгэн жолоонд хураан гүйцэх байлаа.

Мандалын говьд түр дөрөө мултлаад мордсон бид тийм ч их аяншиж чилэлгүй Даланзадгадын цэлийсэн хөндийд даруйхнаа дөтөлж ирсэн. Хөгжил дэвшлийн хурд хүч, зам харгуйн тэгш дардан гэдэг ийм таатай тайвныг хайрлаж байнам. Хаашаа л харна цэлийсэн тал хоолой. Замын хоёр хажуугаар, мөн тэртээ тал хотсоор ч дан тэмээ мал л бараантан багширч харагдана. Монголынхоо хамгийн олон тэмээтэй нутагт ирж байх тул арга ч үгүй биз. Говь Алтайн нурууны шувтрах үзүүр Гурван сайхан уулын бараа өртөө шахмын зайдуугаас хараа булаан сүүмэлзэж, ойртох  тусам өөртөө татан аажуухнаа томрон бараантсаар аймгийн төвийн хаяа шүргэхүй сүрлэг томоохон нуруу баруун хойноос дорно өмнөд тийш ханайн сунайж хөндөлсдөг нь сүрдэм ажгуу. Зүүн сайхан уулын тэргүүн өндөрлөг Даланзадгадын бараг эгц баруунд дүнхийх нь бусад хэсгээсээ төө өндөр, басхүү очмоор, аялж дөтөлж гармаар санагдуулах нь ямархан нэгэн увдислаг шидтэйнх гэмээр.



Нөхөд маань өчигдөр энд ирээд замын тоосоо буулган хүлээж байлаа. Тэд бол “Эс Жи Эс” хэмээн өөрсдөө товчилдог, монгол хэлээрээ, өөриймсөн хөрвүүлбээс “Өмнийн говийн элс” хэмээх уянгалаг сайхан нэртэй, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг, олны сайн мэдэх компанийн удирдлага. Торонто, Гонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг эл томоохон айлын эзэн буюу ерөнхий захирал нь Аюушийн Далангурав хэмээх өвөрлөгч ах дүүсийн төлөөлөл, монгол хүн буй. Тэрбээр нөхдөө удирдан хэд хоногийн өмнөөс Гурвантэс суманд ажиллаж, уурхайн ажил байдлаа эргэж зохицуулахын ташрам, говьд мод тарих бас нэг бэрх агаад үр дүнг нь үзэж чадваас бахархам ажлынхаа гараа хүрээг тоймлохын сацуу, хот хүрээнээс бидний хэдэн бичиг соёлын хамаатан садныг урьж аваачин, өөрийн ажиллаж амьдарч бүхий Өмнөговийнхоо ард иргэдэд үндэсний соёлын хөрөнгө оруулахаар нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан тодолж, зун цаг, бичиг үсгийн баярын тэмдэглэлт өдөр дуншиж бүхүй энэ үеийг тааруулан эрдмийн хур буулгахаар шийдсэнд бид ийнхүү аян замд эртлэн гарч, газар нутгийн хувьд хамгийн арвинтай говийн нийслэлд хоёр талаасаа уулзаж буй хэрэг.



Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар таван давхар саруулхан ордон өргөөнд төвхнөөд төдий л удаагүй бололтой юм. Уг өргөөний нэгдүгээр давхарт олон зуун хүний суудалтай хурал, үзвэрийн өргөн цэлгэр тамхим байгуулжээ. “Өмнийн говийн элс” компанийн удирдлага, тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Даланзадгад сумын Засаг даргын ажлын алба хамтран тэрхүү танхимд “Мазаалай” хэмээх монгол бийрийн уран бичлэгийн үзэсгэлэн гаргалаа. Өмнийн говийн хаа нэгтээ нь хэзээ ч магад “тэнэж” явж болох, өхөөрдмөөр хөөрхөн, өрөвдмөөр цөөхөн мазаалай хэмээх нэн ховор амьтныг дээдлэх, хамгаалах санааг давхар сэнхрүүлсэн эл үзэсгэлэнд өмнийн цэнхэр говийн эх оронч хүүхэд багачуудын уран гар, ухааны мэдрэмжийн торгон ирээр бүтээсэн уран сайхан бичлэгүүд байхаас гадна “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд залагдсан Өвөр, Ар монголчуудын зураач, бийр бэхийн дархчуулын цөөнгүй бүтээлийг эх орны нийслэлээс тусгай унаа хөсгөөр нандигнан тээвэрлэж авчраад говь нутгийн ард иргэд, багш, эцэг эхчүүдийн нүд хужирлах ховор сайхан үзмэр болгож чадсан юм. “Мазаалай” үзэсгэлэнг нээхийн өмнөх өдөр Улаанбаатар хотоос уригдаж очсон “Бичиг соёл боловсрол” төвийн Д.Ганбаатар багш тэргүүтэй уран бичлэгийн мастерууд Өмнөговь аймгийн төвийн дунд сургууль, Цогтцэций зэрэг зарим сумдаас ирсэн багш нар, хүүхэд залуус, сонирхогч иргэдэд монгол бичгийн бийрийн сургалт явуулсан нь аймгийн хэмжээнд анх удаагийнх болсны хамт үр дүнг нь нүднээ харагдах бүтээлтэй, гартаа шингээсэн ур ухааны мэдрэмжтэй өндөрлөснөөр хэмжиж болохоор байлаа.




“Өмнийн говийн элс”-ийнхэн тус аймгийн Гурвантэс сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэн чулуун нүүрс олборлож, Шивээхүрэнгийн боомтоор улсын хил нэвтрүүлдэг боловч уршигт цар тахлаас хамаарч сүүлийн найман сарын турш хонины хорголын чинээтэй чулуу ч хил гаалиар гаргаагүйн улмаас энэ том айлын ажил үндсэндээ зогсонгуйрч, хоёр зуу хол гарсан ажилчдынхаа цалин цагааг арай ядан залгуулж байгааг сонсов.



Эх орны эдийн засаг уул уурхай дээр, уул уурхайн ажил үйлс энэ аймгийн тухайд нүүрсэн дээр голчлон тогтдог нь нууц биш учраас нүүрсний экспорт зогссон явдал хэн хүний л ажил амьдралд таагүй нөлөөлж эхэлсэн нь мэдрэгдэнэ. Гэтэл харин Аюушийн Далангурав ах маань зөвхөн шавхагддаг баялгийг зөөвөрлөх зуршмал үйлээс гадна босоо монгол бичгийнхээ уран сайхан бичлэгийг аймаг орон нутагт нь хүртээж дэлгэрүүлэх, өөрөөр хэлбэл шавхагдашгүй баялгийн нөөц боломжийг дайчлан мэдрүүлж оюуны хөрөнгө оруулахаар уран бичлэгийн сургалтын, “Мазаалай” хэмээх ховор нандин бодгалиар нэрлэсэн үзэсгэлэнгийн, ийм хоёр зүйлийн уламжлал тогтоож байгаа нь эх оронч, монгол улс үндэстнээ гэх өгөөмөр сайхан сэтгэлийн нь илэрхийлэл юм.

 

Хоёр. Арцан уулын бичээс

 

... Урьд эртний цагт юм гэнэ билээ. Чинээлэг хангалуун аж төрөлтэй ч ханах сэтгэлээр баахан татуутай нэгэн баяных хангайн сайхан нутагт аж төрдөг байж гэнэ. Тэднийх дэрсхэн төрсөн гурван сайхан охинтой юмсан ажээ. Охид нь өсөж нас биед хүрэхийн цагтаа нуруу туруу тэгш, гоо үзэсгэлэнтэй гунхсан сайхан бүсгүйчүүд болсон санжээ. Харин ухвар мөчид бодолтой, сувдаг шунахай эцэг нь тэднийг хадамд очих нас биед хүрэх үес хөрөнгө чинээ ихтэй хөгшин ноёнд хатан болгож өгөхөөр сүй бэлэг төхөөрч, сэмхэн бэлтгэж байгааг ээж нь мэдэж, нэг өдөр энэ тухай охиддоо сэтгэлээ шимшрүүлэн байж арга буюу хэлж гэнэ.

Гурван сайхан охин аав ээж, ахан дүүсээсээ нууцлан алс хол говь нутагт амьдрахаар эрс шийдэж, зориг шулуудан явжээ. Говь нутагт ирсэн гурван бүсгүйн тухай мэдээ занги тал хязгаараар нутаглаж, баячуудын адуу малыг өдөр шөнөгүй манаж, хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван сайхан залуу хархүүгийн чихийг шүргэжээ. Тэр цагаас хойш гурван залуу орой бүр гурван бүсгүйд аргамаг хүлгийн хурдаар очдог болж, дас дассаар хайр сэтгэлээ илчилж, ханилах суух тухайгаа хүртэл ярьдаг болсон байжээ.



Гэтэл нэгэн удаа гэрийн эзэн баян, адууны манааны хэдийг тандуулахаар эргүүл явуулж, гурван залуугийн нууц явдлыг мэдчихжээ. Баян эзний хорсол буцалж, адуучин гурвыг арав арав банздаж, хөлд нь хүнд гинж уяж, хонины бэлчээрээс цааш холдох чадалгүй аргалчин болгочихсон учир амраг бүсгүйчүүддээ очиж чадахгүй эгнэгт хоцорчээ. Сэтгэлт хөвүүд нь харгис эзний гарт өртсөн харамсалтай явдлыг мэдсэн цагаас хойш гурван бүсгүй жил бүрийн аагим халуун цагт сэтгэлийн гунигийг нь нимгэлэх гэж аадрын ариун хураа илгээж, хөхөө өвлийн хангинам хүйтэнд хөвөн зөөлөн цасаараа хучин энхрийлдэг болж гэнэ. Хагацан одсон цагаас хойш танхил залуу насны хайр сэтгэлийн үнэнчээ илтгэж адуучин гурван хөвүүн Цогт овоо, Цагаан овоо, Өлзийт овоо гэдэг адилхан гурван толгод болж мөнхөрсөн гэнэ билээ. Харин говьд идээшсэн гурван сайхан хүүхэн Гурван сайхан уул болон сүндэрлэж, урин дулаан цаг ирэнгүүт хамгаас түрүүн дугуй хээтэй ногоон торгон дээлээ өмсөн гунхалдаж, улирлын сэрүүн намар болохуйд цацагт цагаан эсгий тоорцог духдуулан гангарцгаадаг нь холоос ирэх учраатай хонгор хөвүүдээ харуулдан байгаа нь тэр гэнэм. Говь нутагт хараа булаан тогтсон Гурван сайхан уулын домог ийнхүү эмгэнэлт уянгын тайллаар төгсдөг бүлгээ.



... Даланзадгадад очсоны маргааш өдөр нь бид, домогт мөнхөрсөн Гурван сайхан уулын хамгийн өндөрлөг, далайн түвшнээс дээш 2946 м Зүүн сайхан уулыг зорин өрнө тийш шинэхэн сайхан засмалаар жирийлгэв. Толь мэт энэ харгуй зам Гурвантэс сумыг зорих агаад зуун бээр довтолгоод шувтарч, цааш шороон замаар улаа нэхсээр зорьсон сумандаа хүрдэг байна. Бид харин Зүүн сайхан уулын ар бэл өөд нэлээд өгсөж байгаад урагш салж, Ёлын амны дархан цаазат газрыг зүглэлээ. Уулын ар бэлийн энэ дэнжээр жуулчны бааз, буурчийн газар, хувь айлуудынх болов уу гэмээр монгол гэр барьсан аяншил тайлах газар сэлт хэд хэд тааралдаж байлаа. Төрийн тахилгат Говь гурван сайхан уулын байгалийн цогцолборт газрын төв болов уу гэмээр хотхонд бичил музей хүртэл байгуулсан нь замын хажууханд харагдаад өнгөрөв. Ингээд бид Зүүн сайхан уулын зүүн хойд араас хөдөөх замаар өгсөж эхэллээ. Зорьсон газарт арван хэдэн бээр явж хүрэхийг тэмдэг тавьж мэдээлсэн байнам. Буу дуугаргахыг хориглосон анхааруулга ч бас нүдний үзүүрт торно. Шороон замаар өгсөж явахад улаан, бараан зүсмийн голдуухантай айлын ямаа мал бэлчиж явахтай таарав. Төдийлөн эцэж тэвээрэг алдалгүй онд орсон сүрэг болох нь мэдэгдэнэ. Цааш, уулын хяр цээж өөд аажуухан өгсүүрлэхийн хэрээр байгалийн байдал улам сайхан, өнгө хөрс нь торго лугаа адил зөөлөн, зориуд авчирч донж хэлбэр зохируулан ургуулсан мэт оюу ногоон ургамалтай болоод ирж байна. Бууж үзвэл цулдаа арц ажээ. Тийм болохоор дугуй дунгал хэлбэртэй дан ногоон хээтэй энэ уран торгон уулнаас арц хүжийн ариун тансаг үнэр ханх тавинам. Цонх салхивчаа онгойлгож тэрэгнийхээ бүхээгт анхил ариуныг нь шингээмээр ч санагдана.

Ингэж хэсэг зуур явж байтал арын суудлаас Нэмэхээ маань гэнэтхэн буга, буга харагдаж байна хэмээн хашгирав. Тэрбээр түрүүхэн, энэ ууланд хэдэн жилийн өмнөөс буга авчирч нутагшуулсан байдаг хэмээн ярьж явсан нь ийнхүү зөн совин болон биелчхэв үү... Бид баруун зүгт харцгаахад арцан хээтэй мөлүүн зөөлөн сайхан хяр ягаарч арлаж үзэгдээд, нүдний өмнө гөрөөс адгуусны бараа туруу харагдсангүй. Тэргээ замаас гаргалгүй хэдэн алхам ухраан зогсвол баруун уулын бэлд шахуу, жалгын цаад хажуу дээр идээшилж буй ганц амьтны бараа үнэхээр харагдлаа. Биднийг аажуухан бууцгаах зуур Нэмэхээ тийш алхлан дурангаа сунгаад янгир байна гэлээ. Нэмэхээ эхэлж үзсэн шигээ тэр амьтан руу түргэн түргэн алхалж, санасандаа хүрэв үү гэмээр ойртон, утсаараа зургийг нь дарж харагдах агаад бид үргээхээс болгоомжлон унаанаасаа холдолгүй ажиглацгаав. Хүч тарга муугүй янгир байна гэсээр түүний эргэж ирснийг үзвээс дуран нь сайн татдаг бололтой. Зүүн сайхан ууланд эхэлж хөл тавиутаа ингэж янгиртай тааралдаж, хийморьтой сайн яваагаа өвөр зуураа хэлэлцээд, урагш уулаа хярлан нэгэн өндөрлөг даваа өөд өгслөө. Даваан дээр гарахад өмнө дорд этгээдэд машины зогсоол, бие хөнгөлөх газар сэлт харагдана. Замын хоёр талаар хангайн согоо шиг сайхан бүсгүйн уран уянгалаг домогтой, торгоны хээ лүгээ адил зууван дугуй арцан гоёлтой үзэсгэлэнт уул улмаа өнгө зүүсгэл нь уран зураг мэт, эрээн цоохор, басхүү өндөр сүрлэг болж, нүд сэтгэл баясгах авай.

Машинаар явах замын төгсгөл болж, хориглосон олон дугуй тэмдэгтэй самбарт тулсан тул жолооч Ганбаа ах тэргэндээ үлдэхээр болж, Нэмэхээ, Баясаа ах, Ганбаа мастер бид хэд бууж цааш алхлан, алдарт Ёлын амны эхийг бүрдүүлж баруухан амнаас ирж нийлэн буй цас мөстэй голыг уруудангаа жирэлзэн урсах ариг ариун уснаас нь амсаж хүртэж үзвэй. Баясаа ах бээр юүдэнтэй нимгэн ноосон цамцтай гарсан нь уулын хөндийн эл хүүгэх салхинаа жиндэж мэдэхээр ажээ. Зүүн урд сүрлэг уул халиагдах агаад мөн л эндхийн уулсын адил арцан хээтэй торгон ногоон дээл хөдөрч, цээжин хэсгээсээ дээш байц хадаар өвч хуягласан мэт юм. Тэрхүү уулын сүр бараа хавьдаа хамгийн өндөр нь бөгөөд зүүн урагш уруудах тусам бидний дээгүүр нь алхаж яваа мөс цасан голын дун цагаан мөс зайр нь улмаа зузаан болохын сацуу басхүү эрэг ирмэгээр нь ус рашаан жирэлзэн яралзах нь байгалийн түмэн гайхамшгийг урлаж, анир дуугаа сонордуулж, хөгжим хөгөө нийлүүлэн хүмүүний сэтгэл оюуныг хөглөж, алжаал аяншил орхиулах шиг болж байнам.



Алдарт Ёлын амны дархан цаазат газар эндээс эхэлж байх бололтой. Ёлын амны мөсөн голыг баруун урд уулнаас нь буусан нэг гол, мөн бидний уруудан алхаж яваа баруун хойноос урссан өөр нэг, ийм хоёр голын боом буюу бэлчир нийлж бүрдүүлдэг ажээ. Аль аль нь Зүүн сайхан уулын ариун ариг цаснаас л шим ундаргаа авч дээ. Манай гурав өмнө алхалж, бичигч бээр хойноос нь хоцорсхийгээд үе үе зураг даран дагалдана. Хөндийг зүүн урагш уруудах тусам улам нарийсаж, түүний хэрээр урд хойд хажуугийн уулс нь эгц цавчим, хэдэн арван метр өндөр цул хадан хясаа цохио болж сүр бараа нэмж байдаг. Мөн мөснийх нь хэмжээ аажмаар зузаарах агаад дундуураа үе үе ангал гарч, хагарч цуурсны завсраар өнөөх нарийн гол хөгжимдөн шуугиж урссаар байх ажээ.

Бидний очихоос арав хүрэхгүй хоногийн өмнө энэ ууланд цас орсон гэж байгаа. Тиймээс голын мөсийг хаврын сүүлийн цасны нимгэндүү давхарга хучиж байгааг дурдах хэрэгтэй. Хэсэг явтал цасан дунд бага шиг чулуун овоо тааралдана. Овооны бэл хормой нь мөсөн дунд, ил бус байна. Зуны халуунд мөс цас нь хайлахаар энэ бяцхан овоо бүтнээрээ харагддаг болов уу. Ёлын аманд урьд өмнө нь ирж үзэж явсангүй. Тиймээс улам цааш уруудаад явмаар, хаа хүрч мухартаа тулдгийг нь “мухарламаар” санагдаад ер болох юм биш... Тэгээд гурван нөхрөөсөө салаад өмнө яваа хэсэг залуусыг дагалдасхийн ганцаар нэлээд уруудлаа. Эгц зүүн урдтаа, өндөр уулын уужуу сайхан хөтөл арлаж, арцан ногоон өнгө гоогоо гайхуулан харагдана. Завтайсан бол түүн дээр ч бас гарч үзмээр л. Цааш жаахан уруудтал, энэ мөсөн голын мухар баймаар бачуу хавцал харагдаж, түүний наана кино зураг ч юм уу ямар нэгэн урлагийн бүтээлийн дүрсжүүлэг авч байгаа бололтой тайзны маягаар хувцасласан хэдэн охид залуус тааралдлаа. Тэд хажуугаар нь өнгөрч гарсан миний араас бараадан ирж, зарим нь ганган хээнцэр хувцастайгаа мөс усан үер дээгүүр үсэрч туучин, заримдаа хөл юу нь халтиран цөмөрч цүл пал, дуу шуу болж байх аж. Ёлын амны домог түүхтэй холбоотой уран бүтээлийн зураг авч буй бололтой тэдгээр охид хөвүүд том шувууны даль жигүүрийг дүрсэлсэн өмсгөл зүүсгэл зэхэн хэрэглэжээ. Тэднээс өнгөрөөд цааш явахад, миний нөгөө мухар нь байх гэж төсөөлсөн хадан хясаа бүр нарийсан, түүний голоор мөсөн гол цааш үзүүр нь харагдахгүй үргэлжлэн доошилсон бололтой байв. Яваад байвал яваад л байхаар аж. Ингээд буцах шийдвэрийг өөртөө өглөө. Ёлын ам ер нь энэ сүрдэм хөндийг, Зүүн сайхан уулаа утас мэт нарийхнаар зүсэн хувааж цааш нэвт гардаг байж магадгүй нь. Дараа тавтай ирж, зориуд тухтай аялах минь. Эргээд хэд алхтал Нэмэхээ маань санаа зовсон байдалтай өөдөөс алхаад айсуй байв. Ингээд бид хоёр буцаж хөндийгөө өгслөө. Үлдсэн хоёр нөхөр маань зураг хөргөө авсаар, хөндийн мөсөн дээр утасныхаа хөгжмийн аялгуунд бүжгийн хөдөлгөөн хүртэл хийж, зураг дүрээ элдэвлэн дарж, ёстой нэг ид бахаа гүйцээх ажгуу. Эндхийн баруун талын өндөрлөг дээр антенн зоосон байдаг учир Ёлын аманд гар утасны сүлжээ тасрахын зовлонгүй болгожээ.



Урьд өмнө нь хөл тавьж яваагүй, энэ насандаа үзэж хараагүй байгалийн тийм ижилгүй сайханд жилдээ заавал зорьж хүрч, бие сэтгэл ханан, бахдаж ханхайн, амурилал тайвшралыг эгээрч явах нь хүмүүний амьдралын нэг зөв сайхан явах зарчим хэмээх билээ. Миний хувьд ийм газар бол барс жилийн хувьд Говь гурван сайхан уул, Ёлын ам хэмээх монголын маань зард гарсан үзэсгэлэн бүрдмэл нутаг боллоо. Эргээд умарш чиглэн буцаж явах зам зуур баруун гар талд, Зүүн сайхан уулын хянга оройн өвөр даган айсуй бүхүй зуны эхний, хангирч буй хаврынх нь бол сүүлчийн хаш цасан, цагаан бор адуу хаа нэг идээшлэх мэт энд тэнд цухалзан сувдарч байв. Цагаан тоорцгоо духдуулсан донжтой бүсгүйн үзэсгэлэн гоог бахдуулан, уянгат домгийн уран сэтгэлгэт нутгийнхаа билигт зоныг алдаршуулан Зүүн сайхан уулын ар хяр ч бас тэргүүн титэмдээ цасан цоохор цацаг чимэг сацрууланхан байлаа.

Өмнийн говьд очиж үзсэн үү хэмээх асуулт Гурван сайхан уул, Ёлын амны сүрдэм өндөр ханан байцыг бишрэн ажиглаж, агуу байгалийн тогтоц бүтээц бүхэн нь ямархан илч эрчмийг нэг дор хуримтлуулдаг, хүн хэмээгч амьтан байгалийн сүр хүчний дэргэд ямархан өчүүхэн болох тухай, аагим зуны цагт гэлээ ч эх нутгийн маань жилийн дөрвөн улирлыг дүрлэн байдгийг нь мэдэрсэн үү гэсэнтэй агаар адилхан мэт бодогдож байнам. Тийм ээ. Гурван сайхан уул, Ёлын ам бол заавал очих ёстой газар мөнөөс мөн байна. Дараа дахин, тавтай аялж дутуу орхисон зам мөрөө үргэлжлүүлюү.


Гурван сайхан, Ёлын ам, Мухар шивэрт, Дүнгэнээгийн хавцал, Хонгорын элс, Баян заг, Ханы хэц, Хэрмэн цав, Наран даац, Зуун мод, Зулганайн булаг... Номин цэнхэр уулс, алтан шаргал манхад, аргаль янгир, заган ой, эрт урьдын далай тэнгис шиг мөргөцөг довцгууд, говийн хангай болсон элсэн дундаас шүүрэх баянбүрдүүд... шүлэг шиг сайхан нэртэй, музей шиг гайхам байгальтай нутаг Өмнөговь бүлгээ. Нөхөгддөггүй, заяамал баялгийг нь зөөж дундлах нэг хэрэг, зөвхөн ийм байгалийнхаа жинхэнэ төрхийг ариглан хамгаалж, сайхныг нь үзүүлж хачирхуулаад, аялж тухлуулаад л түрийвчээ түнтийлгэх ховор хувь заяаны эзэд өмнийн цэнхэр хязгаарынхан ажээ. Говь сайхан нутаг минь онгон дагшнаараа хойч хожмын үедээ өвлөгдөх учиртай. Үүний нь тул хүмүүн бид мод тарьж, энэ цагийнхан байгальдаа сэтгэл ээнэг явснаа бас нотолж үлдээх үүрэгтэй. Эл түүхэн үүргээ “Өмнийн говийн элс”-ийнхэн ухамсарлаж, арван таван сая мод ургуулах амлалт авсан улс аа. Тэд говьд төдийгүй хотод ч мод ургуулах санаа шийдлийг олж, ажилдаа ч хэдийнээ оржээ. Тиймээс Далангурав ахын маань ахалсан энэ том айл ачаа тэнгийн арвин дүүрнийг үүрч эхлээд байна.

... Оюун эрдмийн, бичиг соёлын хур буулгасан бүтэн баг эх орны нийслэлийг зорин хөдөлжээ.

 

                                                    Даланзадгад-Улаанбаатар. 2022 дугаар он, усан барс жилийн хаврын сүүл сар 

 

            

Related news