Бизнес дэх хөнгөлөлт чөлөөлөлт нь НӨАТ-ын хэрэгжилтийг гажуудуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-16 14:26:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “НӨАТ ба татвар” сэдвээр хэлэлцүүлэг боллоо. Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубаас зохион байгуулсан өнөөдрийн хэлэлцүүлэгт СЭЗИС-ийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцов. Хэлэлцүүлгээр НӨАТ-ыг манай улсад үндсэн агуулгаар нь хэрэгжүүлж буй эсэх, хаана гажуудал үүсэж буй, татварын орчин бизнесийн орчин хэр уялдаатай байгаа зэргийг хөндлөө. Энэ талаар хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч, мэргэжлийн хүмүүсийн үгийг хүргэж байна.

 



СЭЗИС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал, НӨАТ-ыг өнөөдрийн байдлаар дэлхийн 170 орон хэрэгжүүлж байна. Энэ татварыг хэрэгжүүлснээр орлогын татварын дарамтыг бууруулдаг. Ийм нөлөөтэй байдаг судалгаа бий. Манай улсад ч ялгаагүй НӨАТ-ыг хэрэгжүүлснээр ААНОАТ болон Хувь хүний орлогын албан татварын 4-5 өөр хэмжээтэй байсан татварын шатлалын тоог 1-2 болгон хувь хэмжээг бууруулж ирсэн. Мөн татвар ногдуулах орлогын хэмжээг бууруулж өгч байгаа. Жишээ нь, 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой ААН-д 45 хувийн татвар ногдуулдаг байсан бол одоо 6 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар ногдуулж байгаа зэргээр орлогын татварын ачаалал дарамтыг бууруулах нөлөөг үзүүлж буй.


Хэдийгээр НӨАТ-ыг манайд бусад улс орны алдаа, онооноос сургамж, жишиг байдлаар авч нэвтрүүлсэн боловч явцын байдлаас харахад бизнес дэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого нь тэгш бус байдлыг гаргаж энэ хуулийг гажуудуулж буй явдал бий. Тодруулбал, дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн, боловсруулсан ХАА-н мах, сүү, гурилан бүтэгдэхүүн болон дайвар бүтээгдэхүүнийг татвараас чөлөөнө гэдэг нь тухайн түүхий эдийг боловсруулж үйлдвэрлэл явуулж буй ААН-үүдийг эргээд хүнд байдал оруулж, НӨАТ-ын гинжин хэлхээг эвддэг. Уг нь анх манайд 1998 онд НӨАТ-ыг нэвтрүүлэхдээ үндсэн үйлдвэрлэгчийг татварын дарамтаас яаж ангижруулах гэдэг зохицуулалтыг нь хийгээд өгсөн юм.

Хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого нь бизнест тэгш бус байдлыг бий болгосноор НӨАТ-ын хэрэгжилтийг гажуудуулдаг.


НӨАТ-ын 14-ийн 1-4-д жишээ нь, мах үйлдвэрлэгч компани малчнаас шууд мах худалдаж авлаа гэхэд тухай малчин НӨАТ төлөөгүй ч гэсэн үйлдвэрлэгч боловсруулсан болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дотор нь шингэсэн гэдгээр татвараас хасуулдаг. Үүнд, мах, арьс шир, ноос ноолуур, үр тариа гээд ХАА-н бүхий л түүхий эд, бүтээгдэхүүн ордог. Гэтэл эдгээрээс үр тариаг татвараас хасаж хөнгөлж чөлөөлнө гээд тэгш бус ялгавартай байдлыг бий болгодог. Энэ нь өнөөдөр томоохон дэлгүүрүүд тусдаа өөр баримт олгодог, жижиг дэлгүүрүүд нь баримт байхгүй гэх мэт байдлаар үйлчилгээний салбарт ч ялгаатай байдлыг бий болгож байна.

Тодруулж хэлбэл, манай улс НӨАТ-ыг бусад оронтой яг адил загвараар хэрэгжүүлж байгаа ч гарч буй зүйл нь дээрх гажуудал. Тэр нь үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж байна гээд давхар зохицуулалт хийгээд гурил, махны, сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж ялгаатай байдал бий болгосон. Хэн ч тэр чөлөөлөлтөд хамрагдах гэнэ. Энэ байдал нь НӨАТ хэрэгжүүлэлтэд гажуудал үүсгэсэн. 


Санхүү, аудитын зөвлөх үйлчилгээний “Ончи” ХХК-ийн ерөнхий захирал, Улаанбаатар худалдааны Танхимын УЗ-ийн гишүүн Д.Ончинсүрэн, бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих талаар төр, засгаас хуулийг шинэчилж анхаарч байгаа. Үндсэн хөрөнгө худалдан авах, томоохон капитал хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой үйл ажиллагааг татвараар дамжуулан дэмжих, өнөөдрийн 100 сая төгрөгөөр оруулсан үйлдвэр байгуулах зэрэг хөрөнгө оруулалтыг 25 жил дотор татвараас хасах, тэр хэмжээгээр төлөх татварыг бууруулан дэмжиж буй. Ийм бодлогоор дамжуулан татварын шинэчлэл хийгээд байна.


Гэхдээ нөгөө талаар татварын хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, татварын хуульд байхгүй өр төлбөрийг татварын албанаас гаргаж нэхэмжлэх, тэр нь татварт нийцээгүй ч тухайн компани, ААН-ийн өр болох зэргээр татварын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан үүсэх, цаг алдах зэрэг нөхцөл байдал гарч байна. НӨАТ-ын хувьд хэрэгжүүлэх явцад үндсэн агуулгатай холбоотой бус жижиг сажиг өөрчлөлтийг хийдэг нь бизнесийнхэнд дарамт болон очиж буйг анхаарах хэрэгтэй байна. 

Related news