Хүнсний ногооны тариалалтыг 2 мянган га-гаар нэмэгдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-05-09 09:25:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэх талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдэж байна. Энэ жил 386 мянган га талбайд үр тариа тариалах талаар тэрбээр мэдээлсэн. 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, нийтдээ 560 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Мөн 341 мянган га-д дараа жилийн тариалалтад зориулсан уринш боловсруулалт хийх юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.




-Хаврын тариалалт хэдийнээс эхэлж байна вэ?

-Энэ жилийн тариалалт энэ сарын 3-наас эхлээд байна. Төмс, хүнсний ногооны тариалалт эхлээд явж байна. Өнгөрсөн 7 хоногийн эцэст зарим ААН улаанбуудайн тариалалтад гараад байна.

-Өнгөрсөн онтой харьцуулахад тариалалт ямар байх вэ?

-Бид тариалалтыг өмнөх оны түвшинд барихаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн онд тариалалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж, энэ нь ковидын цар тахлын үед хүнсний хангамжид зохих хэмжээгээр нөлөөлж дэм болсон. Энэ жилийн онцлог гэвэл хүнсний ногооны тариалалтыг өмнөх оноос 2 мянган га-гаар нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Энэ талаар аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан ажиллаж байна. Тариалалтыг нийтдээ 2250 га-гаар нэмэгдүүлэх боломж байгаа нь судалгаагаар гарсан. Үүнээс орон нутагт 1800 га, үлдэх хувь нь нийслэлд ногдож байгаа. Энэ оноос 10 нэр төрлийн хүнсний ногооны тариалалтад урамшуулал олгоно. Тодруулбал, зах зээлд борлуулсан хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгоно.





Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд энэ жил газар тариаланчид болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулж жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна. ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зорилготой энэ зээлийг арилжааны 8 банкаар дамжуулан олгох юм. 

Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 150 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. 





Одоогийн байдлаар 40 гаруй мянган иргэн, ААН-ийн нэрсийг орон нутгаас хүлээн авч нэгтгэн, гэрээний дагуу арилжааны 8 банканд хүргүүлснээр хөнгөлөлттэй зээл олголтыг эхлүүллээ. Арилжааны банкнаас ирүүлж буй мэдээгээр 441 ААН, иргэнээс 130.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч үр тарианы чиглэлийн 62 ААН-д 7.2 тэрбум, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 101 иргэнд 2.1 тэрбум, нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн зээл олгож, 112.3 тэрбум төгрөгийн зээл судалгаанд байгаа аж. 


 


-Хаврын тариалалтад хэрэгтэй шатахуун болон үр, бодисын хангамж хэр байгаа вэ? Бэлтгэл ажлыг хэр хангав?

-ХАА-г дэмжих сангаас өмнөх жилүүдэд олгодог дэмжлэгийг үргэлжлүүлж байгаа. Ялангуяа стратегийн хүнс болох улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс ХАА-г дэмжих санд байгаа улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр түргэн шуурхай олгох ажлыг зохион байгуулж байна. Үр олголтыг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 60 гаруй ААН, иргэн 3.6 мянган тонн үрийн гэрээ байгуулан татан аваад байна. 

Энэ 7 хоногоос шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоог 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр мөн намрын ургацаас нөхөн бүрдүүлэх замаар зээлээр олгож эхэлж байна. Хаврын тариалалтад эхний ээлжинд шаардагдах 1500 тонн бордоог ЗТХЯ, УБТЗ ХНН-тай хамтран ажиллаж, Замын-Үүдээс ачуулаад байна. Дээрх хэмжээний бордоог БНХАУ болон Беларусь улсаас дамжуулан оруулж ирж байгаа юм. Шатахууны хувьд газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна. 

Related news