“ХҮН” нам хүмүүнлэг эрх чөлөөний үзлийг баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-02 16:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) өнгөрсөн сарын 30-нд ээлжит бус VII их хурлаа зохион байгуулж, намын үзэл баримтлал, нэр, логогоо өөрчиллөө.


Тус хурлаар ХҮН нам нь цаашид “Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл”-ийг баримтлахаа илэрхийлж, цомхон төртэй, хүний эрх, бизнес эрхлэх, баялаг бүтээх эрх чөлөөг дэмжих баруун төвийн нам болсноо албан ёсоор зарласан юм. Мөн Монголын улсын эрхэм дээд баялаг, эх орны эзэн, хөгжил дэвшлийг бүтээгч нь Монгол хүн тул эх орноо хөгжүүлэхийн төлөө ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө иргэн рүү чиглүүлэн, тууштай ажиллахаа илэрхийллээ. Ийнхүү тус нам үзэл баримтлалын шинэчлэлтэйгээ уялдуулан “Хөдөлмөрийн Үндэсний Нам” нэрээ “ХҮН” нам болгон өөрчилж, намын лого буюу билэгдэлээ өөрчилжээ.


ХҮН намын шинэ билэгдэл нь дараах утга агуулгатай ажээ. Үүнд:

-Монгол улсын эрхэм дээд баялаг, эзэн, хөгжлийг бүтээгч нь Монгол ХҮН

-Баруун тийш хандсан сумны зэв мэт дүрслэл нь ХҮН нам Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн, эх орноо дэлхийн Монгол болгон хөгжүүлэхийн төлөө зэв мэт хурц шийдэмгий, тууштай зүтгэнэ

-Сүүн цагаан өнгө нь цэвэр тунгалаг, шударга, үнэний илэрхийлэл

-Яргуй цэцгийн ягаан өнгө нь шинэ эрч хүч, итгэл найдвар, тэгш боломжийн билэгдэж байгаа юм байна.


ХҮН намын ээлжит бус VII их хурлын үеэр ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өөр зам дэлхийн Монгол” илтгэлийг танилцуулсан юм. ХҮН нам ирэх 30 жилд иргэнийхээ эрх чөлөөг дээдэлсэн, цахимжсан цомхон төрийг бүтээх, татвар, санхүүгийн бодлогоор бизнесийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ. Мөн халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлж, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, боловсролыг эрхэмлэсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ гэдгийг тэрбээр онцлов. Мө авилгатай бодитой, шургуу тэмцэнэ гэдгийг илтгэлдээ дурдсан юм.

Related news