Хууль, эрх зүйн үйлчилгээ, зөвлөгөөг 1123 иргэнд үнэ төлбөргүй үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-05-02 11:53:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран дөрөв дэх жилдээ “Хуульчийн про боно-2022” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр зохион байгуулав.


Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр Монголын Хуульчдын холбооноос шийдвэрлэсэн. 

Өдөрлөгт НЗДТГ, Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчид, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, МУИС-ийн Хууль, зүйн сургуулийн Хууль зүйн туслалцааны төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим зэрэг төрийн захиргааны байгууллага болон хуулийн, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцов. Оролцогчид үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.  Өдөрлөгийн үеэр 1123 иргэнд хууль, эрх зүй болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үнэ төлбөргүй үзүүлэв.

Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өглөө.


Related news