Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-31 11:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутагт барилга барьсан компаниуд барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нийслэлд 5-7 удаа ирдэг байна. Энэ үйл явцыг хумьж, зөвшөөрлийг цахимжуулах нэгтгэж хялбаршуулах боломжийг бизнес эрхлэгчид, барилгын компанийнхан асууж байна. Энэ талаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг УИХ-аас бизнес эрхлэгчид танилцуулах уулзалт дээр хөндөж байв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм.




Манай улсад нарийн зохицуулалттай 44 хууль, зөвшөөрлийн харилцаа тодорхой хэмжээнд туссан 120 гаруй хууль байна. Мөн сайдын тушаал, ИТХ-ын тогтоол зэрэг 1600 орчим зөвшөөрөлтэй дүйцэхүйц захиргааны актууд байна. Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлд зөвшөөрлийн харилцааг тухайлсан хууль буюу салбар хуулиар зохицуулснаас бусад харилцааг зохицуулахаар тусгажээ. Иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломжийг олгох юм.


Зөвшөөрлийн талаар өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлж, хэрэв 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.




Зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж, цахимжуулна. Өргөдөл гаргаснаас хойш 23 хоногийн дотор шийдвэрлэх, өргөдөл нь аль шатанд байгааг цахимаар харах боломжийг бүрдүүлэх бөгөөд хэрэв 23 хоногийн дотор багтаан холбогдох шийдвэрийг гаргаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд, энгийн болон тусгай зөвшөөрлийг сунгасанд тооцох аж.

Мөн Ерөнхий сайдын дэргэд Төр-хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон орон тооны бус зөвлөл ажиллуулж, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, зөвшөөрлийн тоог нэмэх тохиолдолд нийтийн сонсгол явуулах, зөвшөөрлийн тооллогыг жил бүр явуулах, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгасныг ТББ, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа.

Related news