Дүрслэх урлагийг бүх шатанд таниулан хүргэхийг зураач залуус зорьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач залуус эзэмшсэн
мэргэжлийнхээ онцлог давуу талд тулгуурлан олон нийтэд уран зургийн сайхныг
мэдрүүлэх гайхалтай бүтээлүүдийг хийж байгаа аж. Тодруулбал Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар сумын шарын 2 дугаар байрны нэг талбарт нэгэн бүтээлийг амиллуулжээ.
Залуус Европын холбоо Чех улсын санхүүжилттэй төслийн хүрээнд энэхүү ажлаа хийж гүйцэтгэжээ. Тус төсөл Сэлэнгэ аймгаас гадна Хэнтий, Баянхонгор аймаг, нийслэл хотод амжилттай хэрэгжиж байгаа аж. Уран бүтээлчдийн зүгээс дүрслэх урлагаар дамжуулаад хүмүүст эерэг хандлагыг бий болгох, хүүхэд, залуучууддаа сайхан нийгмийг бүтээхийн төлөө өөрсдийнхөө чадах зүйлээр дуу хоолойгоо хүргэхийг зорьжээ.
130м2 талбайд 7 хоногт бүтээсэн энэ удаагийн бүтээлийн гол агуулга Сэлэнгэ аймгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил цэцэглэлтийг бэлгэджээ. Зургийн хамгийн дээр нь бүтээн байгуулалтын ажлуудтай зургийг илтгэсэн аж. Харин зургийн наана Сэлэнгэ аймгийн давуу тал болсон ой мод, алдарт “Тужийн нарс”-ыг тусгажээ. Ажил мэргэжлээ сонгон хөдөлмөрийн амтыг мэдэрч байгаа залуу үеийг өсвөр насны хүүхдүүдээр дүрсэлсэн байна. Ингэхдээ Сэлэнгэ аймаг спортоор тэр дундаа багийн спорт болох волейболоор улсдаа өндөр амжилт үзүүлж байгааг, зөгийн аж ахуй, үр тариа хүнсний ногоогоороо улсдаа тэргүүлэгч аймаг болохыг, Улсын хойд хилийн аймаг гэдгийг, цар тахлын эсрэг эрчимтэй тэмцэж хүн ардаа өвчин эмгэгээс сэргийлж байгааг. Түүнчлэн 90 жилийн түүхэн замналтай зэргийг өсвөр үеийн хүүхдүүдээр төлөөлүүлэн зурснаа зураачид онцолж байв. Тус бүтээлийг Урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач А.Сонинбаяр, Х.Ганбат, Э.Ганзориг, зураач Д.Чүлтэмсүрэн нар бүтээжээ. Маш олон хүмүүсийн халуун сэтгэлийн талархалд урам авснаа зураачид хэлж байлаа.
