“Нэмэх цэнэг” баг Монгол Улсын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд оролцохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-03 22:37:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш нарын “Нэмэх цэнэг” баг Монгол Улсын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд оролцохоор болжээ.

Энэ сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын сургалтын танхимд “Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулсан байна. Тус хурлыг 2021-2022 оны хичээлийн жилд “Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулжээ. Энэхүү шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд Сэлэнгэ аймгийн таван бүсээс шалгарсан багш нарын багийн төлөөлөл оролцсон аж. Ингээд Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш нарын “Нэмэх цэнэг” багийн “Дагалдан суралцах” хөтөлбөрийн хэрэгжилтээр багш ажлын байран дээрээ хөгжих” илтгэлийг улсын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр шалгаруулжээ.

Нийт оролцож буй илтгэлүүдээс 1, 2, 3 дугаар байр, тусгай байр тус бүр хоёрыг шалгаруулан, батламж, сургалтын хэрэглэгдэхүүнээр урамшуулсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд боловсролд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх. Цаашлаад багшийн мэргэжил, арга зүйн болон судалгаа шинжилгээний чадварыг дэмжих, сургалтын дэвшилтэт технологийн үзэл санаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдгээрээ ач холбогдол их ажээ.



Related news