Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-21 20:20:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М-С.Умаханов тэргүүтэй 6 сенатортай өнөөдөр уулзав.


Уулзалтын эхэнд Элчин сайд Ө.Энхтүвшин, "Өнгөрсөн жил хоёр орны харилцаа чухал үйл явдлуудаар дүүрэн байсан. Тухайлбал, Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд өргөн тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулах бодит алхам хийлээ. Ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал, Ерөнхийлөгч В.В.Путин, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын удирдлагуудтай хийсэн ажил хэрэгч яриа хэлэлцээ, уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсон" хэмээн онцлов. Түүнчлэн хоёр орны Төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэхэд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн сенаторуудтай ойр дөт хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ. 


ОХУ-ын төлөөлөгчид хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний тулд парламентын шинэ механизм-хамтарсан комисс байгуулах, Орос, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжихээ илэрхийлэв.


Талууд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл, мал эрүүлжүүлэх хөтөлбөр, монгол малын махны экспорт, боловсролын хамтын ажиллагаа, ОХУ-ын Засгийн газраас монгол оюутнуудад олгодог тэтгэлгээр оюутан суралцуулах тэргүүлэх чиглэл, орос хэлний сургалт зэрэг асуудлуудаар санал солилцов.

Related news