Монгол Улсын анхны эмчийн гурав дахь үеийн эмч гавьяат цолтон болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-27 20:48:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өвөг эцгийн үеэс уламжилж ирсэн эмчийн хөдөлмөрийг үргэлжлүүлэн бүтэн 4 үеэрээ таслахгүй авч яваа бахархам түүхийн эзэн Жигжидсүрэнгийн Од Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хэмээх эрхэм шагналын эзэн болжээ. Түүний өвөө эмээ нь Монгол Улсын анхны хүний их эмч нар бөгөөд ОХУ-ын Омск хотын Анагаах ухааны сургуулийг хүний эмч мэргэжлээр суралцан төгссөн байна.  

Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгоо, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн “Цахим-сан” бүрдүүлэх ажлыг анх санаачлан хэрэгжүүлсэн нь эдүгээ улсын хэмжээнд сайн туршлага болон түгээд байгаа юм.

Тэрээр энэхүү эрт илрүүлэг, үзлэг оношилгооны ажлаа аймгийнхаа 17 сум, 6 тосгонд 30 гаруй удаа зохион байгуулж, 80 орчим мянган иргэдийг хамруулсан байдаг. Мөн “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор аймгийн хэмжээний 10-18 насны 14 мянга орчим хүүхдийг улаан бурхны эсрэг дархлаажуулалтад хамруулсан ажил нь мөн л улсад тэргүүлсэн байна. Ж.Од Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлжээ.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хамтран ажиллахад хүч хөдөлмөрөө зориулсан байна. Дэлхий нийтийг донсолгосон "Ковид-19" цар тахлын халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, аймагтаа молекулбиологийн лаборатори, коронавирусний халдварт өвчнийг эмчлэх тасгийг шинээр байгуулсан аж. Мөн коронавирусний халдвартай өвчтнүүдийг эмчлэн эдгэрүүлсэн, халдвар дотоодод бүртгэгдсэн үеэс халдварыг ард иргэдийн дунд тархаахгүйгээр хурдан хумих ажлыг ч амжилттай удирдан зохион байгуулжээ. 

Related news