Ирэх жил эмнэлгийн барилгад 2.7 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-24 22:03:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, нэн шаардлагатай байгаа хэрэгцээт зүйлсийг тодорхойлох ажил аймгийн Нэгдсэн эмнэлгээс эхэллээ. Тэрээр ажлаа авсан даруйдаа тус эмнэлгийн дулааны асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж өгсөн юм. Үүний үр дүнд эмнэлгийн тасаг нэгжүүд, коридор, хүлээлгийн танхим нийтээрээ дулаахан сайхан болсонд эмч, ажилчид, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.   

Аймгийн эмнэлгийг барьсан цагаас хойш капитал засвар хийгээгүй аж. Ирэх жил энэхүү эмнэлгийн барилгад 2.7 тэрбум төгрөгийн засварын ажил хийхээр улсын төсөвт тусгажээ. Иймээс эл засварыг үр дүнтэй, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналттайгаар хийлгэхэд одооноос эхлэн онцгой анхаарч ажиллахыг аймгийн дарга эмнэлгийн удирдлагуудад захисан байна. Уулзалт ярилцлагын үеэр нүдний эмчийн зүгээс хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр болсонд талархлаа илэрхийллээ. Мөн мэс заслын тасгийнхан сүүлийн үеийн вакуум орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах хүсэлттэй байгаагаа дамжуулсан байна. Мөн чих хамар хоолой, дуран, мэс засал гээд эмч нар илүү ихийг сурч, мэргэших, аймагтаа хийж байгаагүй эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлэлтэй явдгаа илэрхийлж, тасаг нэгж бүрт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийн дэмжлэгийг хүссэн аж.

Энэ үеэр Засаг дарга Н.Лхагвадорж: “Та бүхний гаргасан санал санаачилга, хүсэлтийг нэг бүрчлэн эрэмбэлээд, асуудлыг шат дараатайгаар бүхий л боломжийг ашиглан шийднэ. Мөн сургаж мэргэшүүлэхэд онцгой анхаарна. Хамгийн чухал зүйл бол та бүхэн үйлчилгээ авч байгаа хүн нэг бүрийг сэтгэл дүүрэн гаргаж ажлаа гүйцэтгэл сайтай, чанартай хийгээрэй. “Сэлэнгийн эмнэлэг, Сэлэнгийн эмч нар ямар мундаг юм бэ” гэдэг үг бид бүгдийн хүсч байгаа гол хүсэл зорилго. Энэ зорилгыг та бид хамтын хүчээр бүтээнэ. Тиймээс сэтгэлтэй, зүтгэлтэй, санаачилгатай ажиллаарай. Бүгдэд нь ажлын амжилт хүсье” хэмээв. 

Related news