ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар улс төрийн тунхаглал баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-16 23:54:59

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нар хэлэлцээ хийх үеэрээ улс төрийн хамтарсан тунхаглал баталлаа.


“Энэхүү тунхаглал нь 2019 онд байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн үргэлжлэл юм” гэж Оросын төрийн тэргүүн уулзалтын дараа мэдэгдэв.


Тунхаглалд дурдсанаар, талууд коронавирусний тархалттай тэмцэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, тээврийн харилцааг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээс гадна, цар тахлын дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг сэргээх боломжийг судална.


У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн жилд болж байгааг В.Путин санууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн цохон тэмдэглэснээр, Москва, Улаанбаатарын харилцаа цар тахлыг үл харгалзан бүхий л чиглэлд хөгжиж байна.


У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.


“Энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой <...>. Зуун жилийн ойр дотно, найрсаг хамтын ажиллагаа бол түүхэн ховор тохиолдол юм. Бидний харилцаа үлгэр жишээ, уламжлалт түүхэн харилцаа юм" гэж Монгол Улсын удирдагч хэлэв.


Түүний хэлснээр, Монголын ард түмэн хоёр орны найрамдал, нөхөрлөлийг “бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд үлгэр жишээ болох сайн харилцаа” хэмээн үздэг.


Уулзалтын үеэр удирдагчид өнгөрсөн зуун жилийн харилцааны хөгжлийг дүгнэж, ирэх зуун жилийн цаашдын зорилго, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.


В.Путиний хэлснээр, дээд хэмжээний уулзалт “ажил хэрэгч, үр бүтээлтэй болсон байна”.


Өнгөрсөн онд цар тахлын улмаас хоёр улсын нийт бараа эргэлтийн хэмжээ 20 хувиар буурсан хэдий ч энэ оны эхний гурван улиралд 25 орчим хувиар өссөнийг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.


"Бид цар тахлын өмнөх түвшинд хүрч, түүнийг давж чадна гэдэгт итгэх бүх шалтгаан бий" гэж В.Путин хэллээ. 


У.Хүрэлсүх хариуд нь мэдэгдэхдээ, Евразийн томоохон түншлэл байгуулах санаачилгыг Монгол Улс дэмжиж байна гэлээ. Тэрбээр төмөр замын төв коридорыг шинэчлэх, эрчим хүчний коридор байгуулах асуудлыг хөндөв. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Монголын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.


"ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан барих төслийн ажлын үр дүнд бид маш их сэтгэл хангалуун байна" гэж У.Хүрэлсүх хэллээ.


В.Путиний цохон тэмдэглэснээр, хий дамжуулах хоолойн төслийн ТЭЗҮ ойрын долоо хоногуудад бэлэн болно.


"ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дайруулан тавих төсөл боловсруулах шатандаа байгаа. Ажил амжилттай урагшилж байна. Энэ нь Оросын "Сибирийн хүч" хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох боломжтой. Оновчтой чиглэл, үргэлжлэх уртыг аль хэдийнэ тодорхойлсон" гэж тэрбээр хэллээ.


Оросын удирдагч мөн тус улсын эрчим хүчний компаниуд "Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой" байгааг нэмж хэллээ. Одоо “Роснефть” компани Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын түлш цэнэглэх цогцолборын оператороор бүртгүүлэхээр ажиллаж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэв.


В.Путин мөн Орос улс Монголын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 80 орчим хувийг хангадаг болохыг цохон тэмдэглээд, У.Хүрэлсүхтэй эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан гэдгийг мэдээллээ.


Related news