“Сэлэнгэ” нэрийг гаргасан бүтээгдэхүүнийг худалдах,нэгдсэн цогцолбор цэгтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж Сүхбаатар сумын хоршоологчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан санал
солилцлоо.
Дээрх иргэд “Алтан намар шим” хоршоог байгуулж, “Бор гүвээ” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах цогболбор барихаар төлөвлөөд байгаа ажээ. Тус цогцолбор нь хоршоо худалдаа үйлчилгээ, өрхийн үйлдвэр, цайны газар гээд салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Хоршооны гишүүд аймгийн даргад үйл ажиллагааныхаа зорилго, хийхээр төлөвлөсөн барилгын зураг төслөө танилцууллаа. Тэд “Сэлэнгэ” нэрийг гаргасан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, өнгө үзэмж сайтай нэгдсэн цогцолбор цэгийг байгуулж, зорчин явж буй аялагч жуулчдад үйлчлэхийг гол зорилгоо болгосон тухайгаа ярилаа.
Аймгийн даргын зүгээс Сүхбаатар сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчидтэй хамтран зам талбайн тохижилтод 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн хийх ажлынхаа төлөвлөлт, гүйцэтгэлд онцгой анхаарч, цаг хугацаатай уралдан үр дүнтэй ажиллахыг тэднээс хүслээ.
