Замын-Үүд-Эрээн чиглэлд зөвхөн чингэлэгтэй галт тэрэг явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-29 17:21:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн хотын ардын Засгийн ордноос Эрээн боомтод зөвхөн чингэлэгтэй галт тэрэг нэвтрүүлэх шийдвэр гаргасан тухай ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд өнөөдөр мэдээлэв. 


Замын-Үүд-Эрээн боомтод төмөр замаар Хятадын тал руу өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар нэвтэрдэг. Харин 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголын талд орж ирдэг байна. Эрээн хотын ардын Засгийн ордноос гаргасан шийдвэрийн хүрээнд зөвхөн чингэлэгтэй галт тэрэг нэвтрүүлнэ. Цахим орчинд гараад буй "Хятадын Эрээн боомт хаагдлаа" гэсэн мэдээлэл ташаа гэдгийг тэрээр мэдээлэлдээ тэмдэглэв. 


Тэрбээр, "Эрээн хотын шуурхай штабаас хоёр мэдэгдэл гаргалаа. Үүнд, энэ сарын 24-ний 00.00 цагаас Эрээн боомтын төмөр замын болон автозамын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн тээврийг түр зогсоосон. Өөрөөр хэлбэл, хүний гараар ачдаг бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн талаар Эрээн хотод суугаа Консулын газраас дипломат шугамаар тодруулсан. Мөн ГХЯ-ны ТНБД Б.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Веньруйг дуудаж уулзсан. Бидний авсан мэдээгээр, Манжуур боомтод хил дамнан коронавируст халдвар илэрч, богино хугацаанд олон хүнд тархсан байна. Хөлөнбуйр хотод сүүлийн 24 цагт 20, нийт 57 тохиолдол илэрсэн байна. Эдгээр нь төмөр замын ажилчдаар дамжсан гэж үзэж байгаа. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан тухай Хятадын тал мэдээлсэн" хэмээлээ. 


Мөн энэ сарын 28-ны 14.00 цагаас эхлэн төмөр замаар орж ирж байгаа төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш зэрэг задгайгаар Эрээн боомт руу гаргадаг ачааг хүлээн авахгүй гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэ нь цаашдаа Монголоос урагш гарах уул уурхайн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг задгай биш, зөвхөн чингэлэгтэй байх шаардлага тавьж байна гэсэн үг гэдгийг тэрээр онцоллоо. 


Эрээн-Замын-Үүд автозамын боомтыг нээх чиглэлээр ГХЯ, холбогдох байгууллагууд дипломат шугамаар Хятадын талтай ярилцаж, идэвхтэй ажиллаж байна. Тодруулбал, Хилийн дундын бүсэд Монгол, Хятадын тал руу тус тус 100 метр, өргөн нь 80 метр ачиж буулгах талбай бэлтгэсэн. Ачааг тэг цэгээс нааш татах ажлын бэлтгэлийг ЗТХЯ, АТҮТ хангаж байна. 


Тус дундын бүсэд ачаа ачих, буулгах ажлыг МТЗ хариуцах юм. Харин ачааг нааш тээвэрлэх ажлыг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хариуцахаар бэлтгэж байна. Эдгээр бэлтгэл хангагдаж дуусвал 12 дугаар сарын 5-наас өмнө туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Related news