Өсвөрийн тамирчид “Азийн хүүхдүүд” наадамд оролцохоор мордов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-04 15:28:09

 Монголын өсвөрийн тамирчид ОХУ-ын Саха Якутск хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монголын баг 2012 оны V их наадамд 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын 17 төрөлд оролцож, 9 алт, 9 мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртэн, багийн дүнгээр ОХУ, Казахстан улсын дараа III байрт шалгарч байв.

Манай өсвөрийн тамирчид 2004, 2008, 2012 онд Якутын авиа компанийн онгоцоор нисч байсан бөгөөд энэ удаа МИАТ компани “Боинг-В737-800” онгоцоор 160 тамирчны ирж, очих тээврийн асуудлыг шийдэж, 50 гаруй тамирчныг гал тэргээр зорчуулахаар зохицуулжээ. ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг 1996 оноос 4 жил тутам ОХУ-ын Саха Якутск улсад зохион байгуулж байна. Тус наадмыг 2010 онд ОУОХ болон Азийн олимпийн зөвлөл ивээлдээ авч, 2011 онд ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан юм. “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадмыг ОХУ-ын Спортын яам, БСШУЯ, Саха улсын Засгийн газар, ОХУ-ын Үндэсний олимпийн хороо, ЮНЕСКО, Азийн олимпийн Зөвлөл, ОУОХ-ны ивээл дор спортын 22 төрлөөр зохион байгуулж, 39 орны 4500 тамирчин оролцох юм. “Азийн хүүхдүүд” наадам 7 дугаар сарын 5-17-нд болно. Наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцох тухай мэдээлэл ч байгаа.

Харин энэ удаагийн наадамд спортын 19 төрөлд 200 тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчдийг оролцуулж байна.

Д.Өлзий

Related news