2016 оны ээлжит сонгуулийн санал авах хугацаа дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-29 22:11:57

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын хугацаа 22.00 цагаас  албан ёсоор дууслаа. 

Сонгуулийн санал хураалт 07.00 цагаас орон даяар эхэлж, 15 цаг үргэлжиллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос 17.00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 55 хувьд хүрсэн. Ирцийн талаар эцсийн мэдээллийг 23.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос зарлах юм. 

Хэсгийн хороодод санал хураалтын хугацаа дуусмагц санал тоолох ажиллагаа эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм. Санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө саналаа өгсөн сонгогчдын тоо сонгогчдод олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалган, тооцоо гаргах, санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжлэх ёстой.

Үүний дараа саналыг төхөөрөмжөөр тоолж, тухайн хэсгийн санал хураалтын дүнг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм. 

Н.Туяа

 

Related news