Алдаа гаргасан бол нэг удаа саналын хуудас дахин авч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-29 17:45:57

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал өгөх ажиллагаа ид өрнөж байна. 

Санал өгөхөд дараах зүйлийг хориглоно. Үүнд: 
-Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
-Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
-Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
-Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
-Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
-Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
-Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
 
Сонгогч нь саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч санал өгч болно. Мөн санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авах боломжтой.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал
 

Related news