Аймгийн ИТХ-аар 2021 оны төсөвт 3,0 тэрбум төгрөгийн тодотгол хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан 2021
оны 8 дугаар сарын 6-ны өдөр 85,7 хувийн ирцтэйгээр цахим болон
танхимаар хуралдлаа.
Хуралдаанаар аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны
төсвийн тодотгол, аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр, “Дундговио
ногооруулья” дэд хөтөлбөр, аймгийн уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого зэрэг найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тус хуралдаанаар аймгийн 2021 оны төсөвт тодотгол хийж, 3,0
тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ тухай аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн
хэлтсийн дарга Г.Энхтайван тодруулахдаа “2021 оны төсөвт өөрчлөлт оруулж тодотгол
хийлээ. УИХ-ын 7 сарын 7-н-ы өдрийн чуулганаар 2021 оны Монгол Улсын төсөвт төсөвт
өөрчлөлт оруулсан. Орон нутагт коронавирусний халдвар буурахгүй байгаа тул
Засгийн газраас аймгуудад нийт 20,0 тэрбум төгрөг баталснаас манай аймагт 529,3
сая төгрөг хуваарилагдсан.
Тиймээс Дундговь аймгийн төсвийг энэ дүнгээр нэмэгдүүллээ.
Мөн орон нутгийн орлогын эхний үлдэгдлийг нэмж байгаа. Уул уурхайн компани,
замын компаниудын нийгмийн хариуцлагын хуүрээнд оруулж байгаа нэмэлт орлогыг
мөн төсөв дээр нэмэлтээр тодотгож, зардлыг батлууллаа.
2021 оны анх батлагдсан төсвийг ийнхүү 3,0 тэрбум орчим
төгрөгөөр нэмэгдүүлэн баталж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа
хэвийн явагдахгүй байгаатай холбогдуулан цэцэрлэгийн санхүүжилт хасагдаж ирсэн.
Сургуулийн хувьд багш, ажилчдын ур чадварын нэмэгдлийг
салбар яамнаас олгоно гэсэн чиглэлээр өмнөх онд хасагдсан байсныг өөрчлөн төсөв
захирагч нар тооцон олгох болсон тул ЕБС-иудад 1,3 тэрбум төгрөгийг нэмж
тодотгосон.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 242,0 сая төгрөг,
орон нутгийн хөрөнгө оруулалтыг 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталсан”
гэлээ.