УИХ-ын дарга З.Энхболд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-29 12:39:37

УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 сургууль буюу УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7  дугаар хэсгийн хороонд  санал өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга сонгууль хуулийн хүрээнд эмх цэгцтэй болж байгааг дурьдаад, “Өрсөлдөгч намууд бүгд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадвал, элдэв зөрчил, маргаан гаргахгүй. Иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.

Энэ үеэр сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд худалдаж авсан талаар тодруулахад, “Монгол Улс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах саналыг ОХУ-д байнга тавьдаг байсан. Энэ удаа Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ асуудлыг сонгуулийн дараа байгуулагдах УИХ хэлэлцэн батлах ёстой. 49 хувийг худалдаж авсныг улс төржүүлж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Одоо энэ цуу яриагаа зогсоох хэрэгтэй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдаж авахыг ОХУ санал болгож байсан. Тэр үед мөн  л улс төржиж  авалгүй орхисон. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодож, боломжтой үедээ иймэрхүү үйлдвэрүүдээ худалдаж авч байх хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын даргын санал өгсөн Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойрогт 2110 сонгогч санал өгөх ёстойгоос одоогоор 384 иргэн санал өгч 17 хувьтай байна хэмээн Санал авах байрны ахлах зохион байгуулагч Б.Наранчимэг хэллээ.

Тэрбээр, “Сонгуульд ахмад буурлууд маань идэвхтэй оролцож байна. Долоон иргэн саналын хуудсан дээр 2 нэр дэвшигчийг дугуйлсан байна. Тиймээс эдгээр иргэдээс хүсэлт бичүүлэн авч, дахин саналын хуудас өгсөн. Нэг сонгогчид дахин нэг л удаа саналын хуудас өгөх ёстой юм. Иймд иргэд саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчийн нэрсээс зөвхөн нэг хүний нэрийн өмнөх хоосон зайг бөглөх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news